"Хүүхдэд зориулав" үзэсгэлэн худалдаа жил бүр зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-05-27 09:57:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дарга У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдаа өнгөрсөн амралтын өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо.

Хүүхдэд зориулсан үндэсний бүтээгдэхүүний үзэсгэлэнг нээж ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хэлэхдээ, “Энэхүү үзэсгэлэн худалдаа нь энэ жил Засгийн газраас зарласан эх оронч худалдааг дэмжих жилийн хүрээнд нэг талаар дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, нөгөө талаар эх, үрсийн баярыг угтан хүүхдэд зориулсан давхар онцлогтой”-г тэмдэглэв. Тэрээр, “Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх соёлыг өсвөр, залуу үед төлөвшүүлж, салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх үүднээс зохион байгуулж байна. Ийм үзэсэлэн худалдааг жил бүр зохион байгуулж байхаар тогтоод байгаа”-г хэлэв.


Хоёр өдөр үргэлжилсэн үзэсгэлэн худалдаанд дотоодын 120 гаруй үйлдвэрлэгч оролцож, бараа, бүтээгдэхүүнээ 10-50 хүртэлх хувиар хямдруулан борлууллаа. Үзэсгэлэн худалдааны үеэр мөн хүүхдийн хоол, хүнсний болон хүүхдийн зуслангуудын өдөрлөг болж, бяцхан үрсэд зориулсан “Хэрэглэгчийн булан” ажиллуулж, эцэг, эхчүүдэд  зөв хооллолт, дасгал хөдөлгөөний талаар зөвлөж, хүүхдийн гутал, хувцас, цүнхний загвар үзүүлэв.

Мөн “Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний зах зээлийн онцлог, экспортын боломж” сэдвээр хэлэлцлээ. Үзэсгэлэн худалдааны үеэр мэргэжлийн хяналтын явуулын лаборатори ажиллав. Үзэсгэлэн худалдааг хүүхдүүд сургууль, анги хамт олноороо сонирхож буй нь илт байв. 



Холбоотой мэдээ