Пусан хотын “Сайхан хүмүүс” ТББ-тай хамтран ажиллахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-05-24 16:23:00

Увс /МОНЦАМЭ/. БНСУ-ын Пусан хотноо суугаа Монгол Улсын консул Б.Жаргалсайханы урилгаар Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан энэ сарын 18-20-ны өдөр Пусан хотод ажлын айлчлал хийсэн байна. Айлчлалын хүрээнд Засаг дарга Д.Батсайхан Пусан хот дахь "Сайхан хүмүүс" олон нийтийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, аймгийн эрүүл мэндийн салбарт хамтран ажиллахаар болжээ.  

Энэ дагуу аймгийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламжийн иж бүрэн тоноглосон зургаан автомашин болон шаардлагатай байгаа эмнэлгийн орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг үе шаттайгаар нийлүүлэхээр болсон байна.

Пусан хотын "Сайхан хүмүүс" ТББ нь 1989 оны 5-р сард анх байгуулагдсан бөгөөд 30 жилийн турш хөгжил буурай орнуудад зориулан сайн дурын хандивын аяныг шаардлагатай салбарт зохион байгуулж иржээ. Энэхүү ТББ нь 28 салбар нэгжүүдэд ажилладаг 3000 гаруй гишүүнтэй байгууллага байна. Эхний удаад тус байгууллагаас Увс аймагт 20 гаруй компьютер олгожээ.

 

Холбоотой мэдээ