Бичил уурхай эрхлэгчдийн холбоо байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-05-23 22:36:57
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн бичил уурхайчид нэгдэж ажиллахаар зохион байгуулах хурлаа хийж, “Бичил уурхай эрхлэгчдийн холбоо”-г байгууллаа.

Өмнө нь бичил уурхайчид тус аймагт нэгдэн нягтарч, эрх ашгаа хамгаалахын төлөө хамтран явж байсангүй. Тус тусдаа үйл ажиллагаагаа эрхэлсэн жижиг нөхөрлөлүүд төдий байсан бол өнөөдөр эрх ашгаа хамгаалж, мэдээлэл солилцож, энэ салбарын төлөө хамтран хөгжих ашгийн бус төрийн бус байгууллага болж, түүхийн нэгэн шинэ хуудсыг нээжээ.

Төрийн бус байгууллагад Баянжаргалан, Гурвансайхан, Өлзийт, Хулд, Луус суманд бичил уурхай эрхлэгч 50 гаруй нөхөрлөл нэгдээд байна.

Тус ТББ-ын тэргүүнээр Хулд сумын харьяат Жинлэнгийн Рэнцэнпүрэв, гүйцэтгэх захирлаар Луус сумын харьяат Дагдангийн Хандаа, Хяналтын зөвлөлийн даргаар Раднаагийн Чинзоригтыг тус тус сонгожээ.

Бичил уурхайчид ийнхүү холбоо байгуулсанаар Монголын бичил уурхайчдын холбооны гишүүн болж, тэдний үйл ажиллагаатай холбоотой бүхий л асуудлыг хууль дүрэм журмын хүрээнд зохицуулах боломжтой болж байгаа ажээ.

Монголын бичил уурхайчдын холбооноос аймгуудынхаа бичил уурхай эрхлэгчдийн дунд Хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, байгаль орчны нөхөн сэргээлт, мэдээллийн боловсролын чиглэлээр төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд бичил уурхай эрхлэгчдийн хүүхдийн "Гэр цэцэрлэг” ажиллуулах төсөл зарлаад байгаагаа энэ үеэр мэдэгджээ.  

Холбоотой мэдээ