Дугуйчдын клуб 30 гаруй аялал хийжээ

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2019-05-28 18:16:16
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт Дугуйчдын клуб байгуулсанаар байнгын 60, хөдөлгөөнт 300 орчим гишүүнтэй болжээ. Тэд унадаг дугуйн хол болон ойрын аяллыг тогтмол зохион байгуулдаг бөгөөд 30 гаруй аяллыг хийгээд байна. Хамгийн хол нь 60 км замыг туулсан дугуйчид аймгийнхаа Өлзийт, Баян-Овоо, Эрдэнэцогт зэрэг сумын түүх соёлын дурсгалт газруудтай танилцжээ.
Дугуйчдын аялалд хүссэн хүн бүр хамрагдах боломжтой бөгөөд даваа, лхагва, бямба гарагийн 07:00 цагт Баганат талбайдаа цуглаж хамтдаа "жийдэг" аж.
Моторгүй тээврийн хэрэгсэл нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах хамгийн үр дүнтэй арга, хэрэгслийн нэгт зүй ёсоор тооцогддог. Унадаг дугуй нь агаарын бохирдлыг бууруулах, замын түгжрэлийг арилгах байгаль, хүрээлэн буй орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд ач тустай, эдийн засагт хэмнэлттэй, авсаархан хаана ч явах боломжтой маш олон зүйлээр автомашинаас давуу талтай.
Дугуй унаснаар:
-Зүрх судас, амьсгалын замын тогтолцоонд сайнаар нөлөөлдөг. Цэвэр агаарт дугуй унаснаар уушги бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлдэг.
-Биеийн доод хэсгийн булчин болох гуя, шилбэ, нурууны булчинг чангалж өгдөг. Суудлын өвчтэй болон ташаа, өвдөг, үе хэсгээр гэмтэлтэй бол дугуй унах нь хөнгөн маягийн эмчилгээ болдгоороо давуу талтай.
-Дугуй унах нь гүйхээс дутуугүй калори шатаадаг ба хэрэв суудал дээрээ биеэ цэх, гэдгэр байлгаж, зөв хийвэл хэвлийн булчинг ч чангалж өгдөг. Жин хасах зорилгоор дугуй унах гэж байгаа бол жирийн үеийнхээс хурдасгаж, 45 минутаас илүү унаж байх ёстой.
-Бодисын солилцоо сайжирснаар ходоод эрүүл байж, тэр хэсгийн өөхлөлт багасган, урт наслахад тань тусална.
-Дугуй унах нь сэтгэл санаа тайвшруулж, эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг.
-Дугуй унах нь дархлааг дэмжиж хорт хавдраар өвдөх магадлал эрсдэлийг бууруулна. Амралт бас бяцхан аялал болж өгнө. Эрч хүч нэмэгдэнэ.
Дашрамд, Унадаг дугуй унахаар сонирхож буй хүмүүс өөрт тохирсон дугуйг сонгох, хамгаалалтын малгай өмсөж хэвших, хөдөлгөөнд саад учруулахгүй биед эвтэйхэн хувцас сонгох хэрэгтэйг Дугуйчдын клубынхан сануулж байна.