Бэртсэн хүүхдийн 50 хувь нь замын ослоос үүдэлтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-05-22 19:46:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн албаны нээлттэй өдөрлөг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо. Өдөрлөгийн үеэр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл "Нийт бэртсэн хүүхдийн 50 хувь нь авто замын ослоос үүдсэн"-ийг мэдээлсэн юм. 

Энэ өдөр Монгол Улсад замын хөдөлгөөний дүрмийг анх (1925 онд) баталсан өдөр юм. Өдөрлөгөөр замын хөдөлгөөнд хүүхдүүдийн аюулгүй байдлыг хамгаалах “Бяцхан зорчигч” аяныг нээсэн юм. Мөн авто тээврийн хэрэгслийн бүртгэл, жолооны үнэмлэхтэй холбоотой үйлчилгээг нэг дороос үзүүлэв.



Өдөрлөгийн талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбаттаас тодруулбал, “Бид иргэдэд замын хөдөлгөөний дүрмийн талаар мэдээлэл өгч сурталчилж байна. Иргэдийн дийлэнх нь жолооны үнэмлэх сэргээх талаар хандаж байна. Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар өдөрт 50 жолооч согтууруулах ундаа хэрэглэж, хурд хэтрүүлсэн 10-25 жолооч илэрч эрхээ хасуулдаг. Согтуугаар жолоо баривал эрхийг нэг жилээр хасаж, 400 мянган төгрөгөөр торгодог.

Ер нь жолоочийн оноо, эрх сэргээхэд шалгалт өгдөг байсныг тодорхой хэмжээний төлбөр төлж, дүрмийн сургалтад хамрагдаж гэрчилгээ (сертификат) авч байхаар өөрчилж байгаа. Зөрчил гаргаж, осолд орж байгаа хүмүүс дүрмээ мэдэхгүй байгаа нь судалгаагаар харагдсан. Согтуугаар жолоо барих, хурд хэтрүүлэх зэрэг зөрчил нь иргэдийг осолд заавал оруулдаг. Тиймээс эдгээр зөрчлийг гаргахгүй байхыг иргэддээ зөвлөж байна. Иргэд маань өдөр тутмын замын хөдөлгөөнийг зохицуулж байгаа эрх зүйн актууд, зөрчлийн тухай хуулиа сайтар ойлгож, дагаж мөрдөх хэрэгтэй байна” гэсэн юм.



Өнөөдөр эхэлсэн “Бяцхан зорчигч” аяны талаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэлээс тодруулахад, “2018 оны судалгаанаас харахад хүүхдүүдийн 50 орчим хувь нь тээврийн хэрэгслээр эцэг эх, асран хамгаалагчтайгаа зорчиж байхдаа, үлдсэн хувь нь хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцохдоо осол гэмтэлд өртөж байгаа нь гарсан.

Тиймээс бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, нөгөө талаар авто тээврийн хэрэгсэлд хүүхдээ зөв тээвэрлэх, зориулалтын суудалд суулгах, бүс зүүлгэж хэвшүүлэх, замын хөдөлгөөнд оролцох соёлыг багаас нь төлөвшүүлэх хэрэгтэй байна. Үүнд эцэг эхчүүд хүүхдэдээ зөв тусгал нь болоосой гэсэн зорилгоор энэ аяныг эхлүүлж байна” гэсэн юм. Аяны хүрээнд, олон нийтэд чиглэсэн мэдээлэл сурталчилгааг идэвхжүүлэх юм байна.





Өнөөдрийн өдөрлөгт АТҮТ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Албан журмын даатгагчдын холбоо, Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс, Төмөр замын цагдаагийн хэлтэс, Замын хөдөлгөөний удирдлагын төв зэрэг байгууллагууд оролцож, иргэдэд автомашины үзлэг оношлогоо, торгуультай холбоотой мэдээлэл, лавлагаа өгч үйлчиллээ.

М.Батчимэг

Гэрэл зургуудыг Т.Чимгээ

Холбоотой мэдээ