Т.Булганхангай: Зургаан настай сургуульд орох гоё

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-05-22 13:20:16
Т.Булганхангай эгч Т.Булганчимэгийн хамт

Архангай /МОНЦАМЭ/. Сэтгүүлч миний бие хөдөө багийн төвүүдээр ажлаар явж байхад аймгийн удирдлагуудад хэд хэдэн хүнээс хүүхдийн амралт болоод сургуульд орох насыг сонголттой болгох талаар санал хүсэлт хэлж байлаа.

Тухайлбал, Цахир сумын Хан-Уул багийн малчин П.Батсүх “Хүүхдийн амралтыг өвөлд нь богино, хавартаа урт, зуны амралтыг эрт тараадаг баймаар байна. 6 настай хүүхдийг бид нар өвлийн улиралд малд явуулдаггүй, харин хавар амралтын үеэр нь мал төллөдөг. Энэ үеэр ядаж л хурганы уут дөхүүлүүлдэг. Одоо зуны эхэн сар гарчихлаа. Сааль сүүний цаг эхэлчихсэн байхад ээж нь 6 настай хүүхдээ хараад сумын төвд амьдарч байна” гэв.

Малчин П.Батсүхэд тохиолдож байгаа явдал 6 настай хүүхэдтэй залуу малчин айл бүрт бий.


Дараагийн сум болох Хангай суманд ажиллах үеэрээ дотуур байранд амьдарч буй 6 настай Туяабаярын Булганхангайтай цөөн хором ярилцлаа. Тэрээр тасагтаа хоёр эгчийнхээ хамт байдаг ажээ. Үг хэлж, хээв нэг ярилцаж буй нь түүнийг аль эрт биеэ даасан байдлыг илтгэнэ. Их цовоо хүү байлаа.

-Чамайг хэн гэдэг вэ?

-Намайг Булганхангай гэдэг. Би 6 настай. Миний аавыг Туяабаяр, ээжийг Болормаа гэдэг. Би Булганчимэг, Булгантамир гэдэг хоёр эгчтэй, нэг нь 7-р анги, нөгөө нь 4-р ангид суралцдаг. Доороо Булганзаяа гэдэг нэг эмэгтэй дүүтэй. Одоо хоёр настай, аав, ээжтэй хамт байдаг.

-Чи айлын ганц хүү юмаа даа?

-Тиймээ.

-Аав, ээж хоёр нь хаана байгаа вэ?

-Хөдөө байгаа. Арбаясгалан багт.

-Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид оржээ. Үсгээ үзээд дуусчихсан биз дээ?

-Үсгээ үзээд дуусаад, үсэглэлийн баяраа хийчихсэн.

- Өө тийм үү. Хэзээ хийсэн юм бэ?

-Сая 5-р сарын 6-нд хийсэн.

-Чи ямар үсэг болсон бэ?

-Би “О” үсэг болсон.

-“О” үсгийг юу гэж хэлдэг юм бэ? Шүлгийг нь хэлээд өгөөч?

-Дугираг хэлбэртэй

Дундаа нүхтэй

Цагираг дүрстэй

Тэгийн тоо шиг “О” үсэг “Би” байна

-Сургуульд сурах ямар санагдаж байна?

- Гоё.

-Аав, ээж хоёрыгоо санаж байна уу?

-Би аав, ээж, дүүгээ маш их санадаг. Аав ээж хоёр миний хамгийн чухал үеүдэд ирдэг.

-Чухал үе гэхээр юу билээ?

-Багш мөнгө хураах, үсэглэлийн баяраа хийхэд, бас бусад яаралтай үеүдэд ирдэг дээ.

-Хичээлтэй холбоотойгоор ойлгохгүй юм гардаг уу? Хэнээс тусламж гуйдаг вэ?

-Гардаг. Найзуудаасаа тусламж гуйна. Бас мэдэхгүй зүйлээ тэд нартайгаа хамтарч хийдэг.

-Танай дотуур байранд чамаас өөр 6 настай хүүхэд байдаг уу?

-Байхгүй ээ. Би ганцаараа, хоёр эгчтэйгээ байдаг. Манай хоёр эгч хичээл зааж өгнө, хувцас угаана, яаралтай үед тусална. Бид гурав тасагтаа гоё байдаг юм.

-Чамд 6 настай сургуульд орох, 8 настай сургуульд орох хоёрын аль нь гоё вэ?

-6 настай сургуульд орсон нь гоё. Хөгжилтэй байдаг. Том ангид орохоор найзуудаасаа салдаг. Тариат, аймаг руу шилжих үед хэцүү санагдсан.


Ийнхүү ярилцаж дуусаад сууж байтал ангиа угаана гэж явсан 7-р ангийнх нь эгч Т.Булгантамир ороод ирэв. Би ч өөрийгөө танилцуулж, нутаг усаа хэлж, нэлээд дэлгэрэнгүй танилцаж авав. Чухамдаа би Хангай сумын дунд сургуульд сурч байлаа. Нэг нутаг, нэг сургуульд сурч байсан гээд л хүүхдүүд надад их элгэмсүү байв. Т.Булгантамир охин одоо 12 настай. Тэрээр хоёр дүүтэйгээ энэ жил анх удаагаа дотуур байранд сууж байгаа ажээ. Аав ээж хоёр нь ч төвтэй ойрхон буюу сумын төвөөс 30 гаруй км зайтай Арбаясгалан багт амьдардаг ба амралтын өдөр болгонд ирж хүүхдүүдээ авдаг байна.



-Дүүдээ хэр тусалж байна вэ?

-Манай дүү биеэ даагаад сурчихсан. Хичээлүүдээ өөрөө хийчихнэ. Шаардлагатай зүйл дээр нь л би тусална. Цээж бичгийг нь би хэлж өгдөг. Бусдаар бол биеэ даачихсан учраас өөрөө хамаг юмаа хийгээд явчихдаг.

-Байранд байх ямар байна?

-Анх байранд ороход их сонин байсан. Хүүхдүүд хараад л...тэгээд долоо хоноод л байрандаа дасчихсан. Байрандаа байх сайхан. Хүүхдүүд нь хөөрхөн ааштай, нэг зүйл хийвэл бүгд хамтдаа, эвтэй байдаг.

-Дүү нь аав ээжийгээ хэр санаж байх шиг байна. 6 настай хүүхдийг нэгдүгээр ангид оруулах нь ямар санагддаг вэ?

-Миний хувьд багаасаа л сураад явчихвал зүгээр гэж боддог. Анх сургуульд орчихоод маргааш нь дүүгээ, гэрээ санаад байна гээд уйлж байсан. Одоо бол уйлахгүй, биеэ даасан байгаа.

-За баярлалаа. Хоёр дүүгээ сайн харж, халамжлаарай.

Холбоотой мэдээ