Н.Учрал: 2015-2018 онд жилд 5000 хүүхэд гэмт хэргийн золиос болсон

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-17 17:36:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы хуралдаанаар, Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос өргөн барьсан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлийг хэлэлцлээ.


Илтгэлийг ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж танилцуулав. Тэрээр, хүний эрх, эрх чөлөө, боловсролын бодлого, ажлын байрны дарамт, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн эрхийг хөндөхөөс гадна эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудлыг тусгасныг дурдав. Түүнчлэн онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хөдөлмөрлөх эрх, хүйсийн эрх тэгш байдлыг хангах зэрэг үндсэн зургаан сэдвийг багтаасан байна. Уг илтгэлийн хүрээнд, хүний эрхийн боловсролын цогц бодлого, үзэл баримтлалыг тодорхойлох, гэмт хэргийн сэжигтнийг эрүү шүүхээс сэргийлэх зэрэг 25 зөвлөмжийг УИХ-д хүргүүлж байгаа аж.


Танилцуулгын дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хүүхдийн хүчирхийллийн эсрэг томоохон ажил өрнүүлэх шаардлагатай байгааг дурдсан юм.


Харин УИХ-ын гишүүн Н.Учрал, “Хүний эрхийн зөрчил бий болсны дараа ярих бус урьдчилан сэргийлэх шаардлагатай байна. Сүүлийн гурван жилд 5000 хүүхэд гэмт хэргийн золиос болсны 87 хувийг насанд хүрсэн хүмүүс үйлдсэн байна. Хүүхдийн эрхийг хамгаалах цагдаагийн алба хаагч 15 байна. Гэтэл судалгаагаар 248 алба хаагч байх шаардлагатай гэсэн судалгаа бий. Жил бүр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагад 90 сая төгрөг төсөвлөдөг. Үүнээс ердөө 3 сая төгрөгийн хүүхэд хамгаалалд зарцуулж байгаа юм. Тиймээс цагдаагийн байгууллагын орон тоо, төсвийг нэмэх хэрэгтэй” гэлээ.


Мөн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хүүхэд хүчирхийлсэн этгээдэд хамгийн ихдээ 20 жилийн ял оноож байгаа бөгөөд ялын хэмжээг нэмэх шаардлагатай гэдгийг онцолсон юм. Түүнчлэн ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр хүчирхийлэлд өртсөн хүүхдийг овог, нэр, хаягтай нь гаргаж байгааг зогсоох шаардлагатай байгааг онцолж байв. Учир нь цөөн хүн амтай улсад хүчирхийлэлд өртсөн хүүхдийн бүх мэдээлэл дэлгэрэнгүй тархсанаар тухайн хүүхэд дахин сэтгэлзүйн дарамтад орох, гадуурхагдах үндэс болж байгааг тайлбарласан юм. Мөн тэрбээр, “Ахмадуудын эрхийг хамгаалахад мөн төр засаг анхаарах шаардлагатай байна. Өвчтэй, өндөр настай ээж, аавыгаа гэрээсээ хөөдөг хүмүүс олон бий. Үүний улмаас ахмадууд өвөл хөлдөж амь эрсдэх эрсдэлтэй” гэлээ.


Харин УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хүний эрхээс гадна Монгол Улсын иргэний хувьд хүлээх үүргийг нь тодорхой болгох ёстойг дурдлаа. Тэрбээр, “Дэлхийн улс орнуудад эрхээс гадна үүргийг нь баталгаажуулсан байдаг. АНУ-д л гэхэд жолоочийг цагдаа зогсоосон бол тухайн жолооч жолооны хүрднээсээ гараа буулгах ёсгүй гэсэн хуулийн заалт хүртэл бий” гэв.


Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ-ын бүтцэд Хүний эрх, иргэний боловсролын байнгын хороо байгуулах ёстой гэсэн санал гаргалаа. Уг байнгын хороо УИХ-аас баталж буй хууль, тогтоол, Засгийн газраас гаргаж буй тогтоол, дүрэм, журам нь хүний эрхийг зөрчсөн байвал түүнийг буцаах, хүчингүй болгох, залруулах судалгаа хийдэг байх ёстой гэлээ.


Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт хилсээр гүтгэгдэж, ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах боломж байгаа эсэхийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тодруулав.


Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, “Энэ хэргийн шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн шийдвэр өнөөг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Тэгэхээр шинээр хэргийг мөрдөх нөхцөл байдал үүссэний дараа Улсын дээд шүүхэд Хяналтын шатны шүүх хурал болох ёстой. Одоогоор бидэнд шинэ нөхцөл байдал үүссэн талаар материал ирээгүй байна” гэлээ.


ХЭҮК-оос өмнө нь боловсруулж байсан 17 илтгэлээс ердөө хоёрыг УИХ-ын чуулганаар хэлэлцсэн бөгөөд үлдсэнийг нь зөвхөн Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж байсан юм. Өнөөдөр 18 дахь илтгэлийг хэлэлцсэнээр гурав дахь нь боллоо. Ийнхүү чуулганы өнөөдрийн хуралдаан дуусав.

Холбоотой мэдээ