Брюсселийн нисэх буудал энэ сарын 30-наас нааш нээгдэхгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБРЮССЕЛЬ. /TASS/. Гуравдугаар сарын 22-нд бүртгэлийн танхимд нь халдлага үйлдсэний дараа хаасан Бельгийн нийслэл Брюссель хотын нисэх буудал энэ сарын 30-наас нааш үйл ажиллагаагаа сэргээхгүй бөгөөд дэлбэрэлтүүдийн дараа хийсэн барилгын түр ажлыг гуравдугаар сарын 29-нд шалгана гэж тус агаарын боомтын захиргаа мэдээлжээ.
“Барилга болон түр зуурын дэд бүтцийг мягмар гарагт буюу гуравдугаар сарын 29-нд шалгана. Нисэх буудалд томоохон шалгалт хийж, сэргээн зассан бүртгэлийн танхимд нисэх буудлын 800 орчим ажилтан “нислэгийн бүртгэлд хамрагдана” гэж мэдэгдэлд дурдсан байна. Нисэх онгоцны буудлын захиргаа сүүлийн өдрүүдэд терминалын дэд бүтцийн байдлыг шалгаж, ажлыг нь сэргээх янз бүрийн хувилбарт дүн шинжилгээ хийжээ.
Тус нисэх буудал халдлагын дараа нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийн 100 мянган ширхэг ачааг эздэд нь илгээх эсвэл хүлээлгэн өгч эхэлсэн байна. Түүнчлэн найман зогсоолд тавьсан автомашинуудыг эздэд нь буцаан өгч эхэлжээ. Халдлагын дараа уг буудалд 6000 орчим автомашин байсан байна.
Бельгийн нийслэл хотын нисэх буудалд гуравдугаар сарын 22-нд хоёр дэлбэрэлт, мөн Маэльбек" метроны буудалд бас нэг дэлбэрэлт болсон юм. Хамгийн сүүлийн албан ёсны мэдээллээр, цуврал халдлагын улмаас 31 хүн амиа алдаж, 340 хүн гэмтэж шархаджээ.
Д.Жаргал