Си Зиньпиний Чехэд хийж буй айлчлал хоёр орны харилцааг идэвхжүүлэх учиртай

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-03-28 11:09:18

ПРАГА. /TASS/. БНХАУ-ын дарга Си Зиньпиний Чех улсад хийх гурван өдрийн албан ёсны айлчлал даваа гарагт буюу өнөөдөр эхэлнэ. Тэрбээр Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земантай хэлэлцээ хийж, тус улсын Ерөнхий сайд Богуслав Соботкатай, парламентын дээд болон доод танхимын дарга нар болох Ян Гамачек, Милан Штех, Прага хотын дарга Андриана Крначоватай, мөн тус улсын бизнесийн хүрээний төлөөлөгчидтэй уулзах төлөвтэй байна.

“Хятадын дарга гуравдугаар сарын 28-нд Чехэд хүрэлцэн ирэх бөгөөд түүний айлчлал гуравдугаар сарын 30-нд дуусна. Энэ нь түүний АНУ-ыг зорих замдаа Европт буух цорын ганц зогсоол болно. Си Зиньпин, Милош Земан нар Ерөнхийлөгчийн Прага дахь шилтгээн болон хотын гадна оршдог өргөө болох Лана шилтгээнд уулзана” гэж Чехийн төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Иржи Овчачек мэдээлжээ.

Прагын эрх баригчид Хятадын даргын айлчлалд чухал ач холбогдол өгч байгаа юм. Тухайлбал, Чехийн Ерөнхийлөгч Милош Земан түүнийг Лана шилтгээндээ хүлээн авч уулзсан гадаадын анхны төрийн тэргүүн нь Си Зиньпин болж байгаа явдал үүнийг харуулж байна. Энэ шилтгээн нь онцгой тохиолдолд л албан ёсны уулзалт хийдэг, төрийн тэргүүн болон түүний гэр бүлийн амрах газарт тооцогддог аж.

Түүнчлэн Чех-Хятадын харилцааг идэвхжүүлэх санаачилгыг гаргагч нь Земан өөрөө юм. Урьд нь Хятадад айлчилж байсан Чехийн Ерөнхийлөгч Прагын Бээжинтэй хийж буй худалдаа-эдийн засгийн болон хүмүүнлэг, аялал жуулчлалын салбарт хоёр талын хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлэх шаардлагатай гэдгийг байнга цохон тэмдэглэдэг. Эдгээр салбарын харилцааг стратегийн түншлэлийн түвшинд гаргах ёстой гэж тэрбээр үзэж байгаа юм.

Айлчлалын дүнд Мелош Земан, Си Зиньпин нар хоёр орон худалдаа-эдийн засгийн салбарт стратегийн түншлэлийн харилцаа тогтоосныг мэдэгдэж, энэ үйл явдлыг холбогдох баримт бичгээр баталгаажуулах төлөвтэй байна. Улсад нь оруулсан Хятадын хөрөнгө оруулалт 45 тэрбум крон /2 тэрбум орчим доллар/ болж байгааг Чехийн удирдагч урьд нь мэдэгджээ.

Хятадын даргын айлчлалд зориулж, Чех-Хятадын худалдаа-эдийн засаг болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхтэй холбоотой 20 орчим гэрээ, баримт бичгийг бэлдсэн байна. Чех улсад анх удаа айлчилж байгаа Си Зиньпинийг Хятадын бизнес эрхлэгчдийн төлөөлөгчид дагалдан явна. Уг төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд төрийн мэдлийн үйлдвэрүүдийн болон банкуудын хэдэн арван дарга багтах ёстой байна.

Харин Чехийн барууны үзэлт намууд болох “Уламжлал, хариуцлага ба хөгжил цэцэглэл 09”, "Иргэний ардчилсан нам" Хятадтай ойртох үйл явцыг эсэргүүцэж байгаа юм. Тус хоёр намын удирдагчид “Хятадад хүний эрхийг зөрчдөг болохыг”, мөн “Бээжингийн эрх баригчид улс төрийн дангаар ноёрхох системээ өөрчлөх хүсэлгүй гэдгийг” онцлон хэлдэг.

Прага хотод Хятадын даргын айлчлалыг эсэргүүцсэн иргэний идэвхтнүүдийн цуглаан болж магадгүй байна. Тухайлбал, тэд олон нийтийн газруудад Түвдийн далбааг өлгөж, Хятадад үндэсний цөөнхийн эрхийг зөрчиж буйг эсэргүүцсэн зурагт хуудсуудыг наахаар төлөвлөжээ. Хоёр хоногийн өмнө Хятадын төрийн далбааг хар өнгөөр будаж, Си Зинпиний машины цуваа явах ёстой Прагын гудамжуудад хаясан байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ