"Алтан хальс" олон улсын кино наадамд 38 бүтээл өрсөлдөнө

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-05-15 17:04:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын кино институтээс долоо дахь удаагаа зохион байгуулж буй “Алтан хальс” олон улсын кино наадмын уралдаанд  шалгарсан бүтээлүүдийг зарлажээ. Энэ жилийн уралдаанд 38 богино хэмжээний кино бүтээл шалгарлаа.

Монголын болон 64 орны 480 кино хүлээн авчээ. Шалгарсан 38 бүтээл нь хүүрнэлт, эксперименталь төрлийнх байгааг зохион байгуулагчид онцлов. Олон улсын 449 бүтээлээс 19 бүтээл шалгарсан.


Эдгээр нь Америкийн дөрөв, Швейцарын гурав, Германы хоёр, Францын мөн адил хоёр бүтээл,  Австри, Бельги, БНХАУ, ОХУ, Япон  улсын бүтээлүүд юм. Харин хамгийн олон буюу 88 бүтээл бүртгүүлсэн нь  АНУ ажээ.

Энэ удаад Монголын баримтат  нэг л кино  шалгарчээ. Шилдэг баримтат кинонд Ардын жүжигчин Д.Жигжидсүрэнгийн нэрэмжит дээд шагнал олгоно. Олон улсын киноны шилдгүүдэд шагнал гардуулах ёслол зургадугаар сарын 4-8-нд "Cinema" кино театрт болж, тэргүүн шагнал "Алтан хальс" цом гардуулна.



Холбоотой мэдээ