Орон даяар зуны цагийн хуваарьт шилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-03-26 11:22:07

Өнгөрсөн шөнө 02.00 цагаас эхлэн Монгол улс зуны цагийн хуваарьт шилжлээ.

Монгол Улсын Засгийн газрын 82 дугаар тогтоолын дагуу жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 02 цагаас эхлэн 9 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтоосон.

Энэ жилийн хувьд  энэ сарын 25-26-нд шилжих шөнийн 02:00 цагаас эхлэн цагийг нэг цагаар урагшлуулан 9 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнийн 00:00 цагт дуусгавар болно.

Энгийнээр хэлбэл, та өнөө өглөө боссон цагаасаа нэг цагийн өмнө босож, орой тарах ажлын цагаасаа нэг цагийн өмнө тардаг болно гэсэн үг юм.

Одоогоор дэлхийд ойролцоогоор 80 гаруй улс орон зуны цагийн хуваарийг ашиглаж байгаа ба зарим улсад нутаг дэвсгэрийнхээ хэмжээнээс хамаарч зарим мужуудад хэрэглэдэггүй.

Ихэнх хүмүүс үүнийг маш нааштайгаар хүлээн авдаг нь тэдэнд ажлаа тарж ирээд ашиглаж болохуйц чөлөөт цаг гарч ирдэг нь таатай байжээ. Хүүхдүүдэд эцэг эхтэйгээ өнгөрөөх илүү цаг гарч ирэх нь тэдэнд сурлагадаа болон нийгэмшилд нь тустай хэмээн үздэг байна. Лондонгийн зам тээврийн судалгаа шинжилгээний лабораториос үүнийг автын замын ослыг бууруулдаг гэж дүгнэжээ.  Харин эрүүл мэндийн салбарынхан энэ цагийг хүн өөрийн бие бялдрынхаа хөгжилд зарцуулах таатай цаг хэмээн үзэж хүний нийгмийн идэвхийг сайжруулан чийрэгжүүлэх сайн талтай гэж дүгнэдэг аж. Мөн  нарны гэрлийг урт ашиглах боломж нь цахилгааны хэрэглээг бууруулан, энергийн хэмнэлтийг гаргана хэмээн үздэг байна. 

Зуны цагийн хуваарийг олон нийтээрээ хэрэглэх нь сайн ч, муу ч талуудтай боловч энэ нь хөгжиж буй улс орны эдийн засагт өндөр ач холбогдолтой гэж ихэнх судлаачид үздэг.

Харин энэ цагийн хуваарийг мөрдлөг болгоход харилцаа холбооны байгууллагууд асар их ачаалалд ордог ба компьютер, гар утас зэрэг төхөөрөмжийг гар аргаар тохируулах хэрэгтэй болж нийгэмд үл ойлголцол үүсгэдэг байна. Мөн жуулчдад нислэгийн цагийн хуваарь, бизнесийн ажилд нь нэлээн төвөг учруулдаг аж. Зарим улсуудад өглөө нь харанхуй хэвээр байдгаас болоод аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна хэмээн үздэг. Мөн газар тариалан аж үйлдвэрийн улсуудад энэ нь цагийн хуваарь алдагдуулах, хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна хэмээн үздэг ба нийтийн эрүүл мэндэд цаг хөдөлсөн эхний 2 долоо хоногт зүрхны шигдээс ихсэх хандлагатай байдаг гэж ажиглагдсан байна. 2012 оны судалгааны дүнгээр бас нэг хачирхалтай зүй тогтлыг илрүүлсэн нь цагийн өөрчлөлтөөс болоод бие махбодь ядарсан үедээ хүмүүсийн ажлын цагаа хийдүүлж илүү ихээр интернетээр хэсдэг байна. 

Ж.Болор

Холбоотой мэдээ