М.П.Сингх: Энэтхэг, Монголын газрын тос, байгалийн хийн үзэсгэлэнд Энэтхэгээс 35 компани оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
boloroo8136@gmail.com
2019-05-11 12:11:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэтхэгийн Засгийн газрын санхүүжилтээр Монголд байгуулж буй Газрын тос боловсруулах үйлдвэр болоод Засгийн газар хоорондын төслүүдийн ашиг тус, үр дүнгийн талаар Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингхтэй ярилцлаа.

Энэ сарын 13-14-нд зохион байгуулах  Энэтхэг, Монголын газрын тос, байгалийн хийн үзэсгэлэнд Энэтхэг улсаас салбартаа нэр хүндтэй 35 компани хүрэлцэн ирэхийн ноён Элчин сайд онцолж байна. 


-Монгол Улстай хамтарч байгаа төслүүд болон Газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар мэдээлэл өгнө үү? 

 

-Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд, Монгол Улсад нэг тэрбум гаруй ам.долларын газрын тос боловсруулах анхны үйлдвэр, монголчуудын боловсон хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн Мэдээлэл, холбооны технологийн төв барьж байгуулах, Үндэсний номын сан болон хийдүүдэд хадгалагдаж буй бурхан, шашны эртний судар, бичвэрийг дижитал хэлбэрт оруулах буюу цахимжуулах, батлан хамгаалах салбарт хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байна. Түүнчлэн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, мал аж ахуй, уул уурхайгаас гадна газрын тос боловсруулах үйлдвэр болон тээвэрлэх хоолойн ашиглалт, техникийн засвар зэрэг туслах үйлчилгээний салбарт хамтын ажиллагааны өргөн боломж бий. Эдгээр өнөөгийн болоод ирээдүйн санаа санаачилга нь манай стратегийн түнш, гуравдагч хөрш орон болох Монгол Улстай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн гүнзгийрүүлэхэд үнэтэй хувь нэмэр болно гэдэгт бид гүнээ итгэж байна. Энэтхэг улсын Нойда хотод зохион байгуулсан PETROTECH-2019”-ийн үеэр, энэ оны хоёрдугаар сарын 10-нд Энэтхэг улсын Газрын тос, байгалийн хийн яамны харьяа “Инженерс Индия Лимитед” болон Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК хамтран ажиллах санамж бичигт гарын зурсан.


-Энэтхэг компаниуд Монголд ирэх сонирхолтой байх болов уу?


-Монгол Улсын эдийн засгийн амин чухал салбаруудад гарсан томоохон амжилтыг харгалзан үзэхэд, ДНБ-ий харьцангуй тогтвортой өсөлт, засаглалын тогтвортой байдал, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэхэд чиглэсэн бодлогыг хөхиүлэн дэмжсэн санаачилгууд, гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах, тогтвортой байлгах шинэ хууль, тогтоомжийг хэлэлцэж буй нөхцөл байдал Монголыг хөрөнгө оруулах сонирхолтой газар болгох нь эргэлзээгүй. Дэлхийн банкнаас гаргасан судалгааны “бизнес явуулахад таатай орчны” индексээр дэлхийн 190 орноос Монгол Улс нэлээд дээгүүр буюу 74 дүгээр байрт орсон бөгөөд хүйсийн тэгш байдлын индекс ч маш өндөр гарсан. Энэ нь ирэх жилүүдэд Энэтхэгийн хөрөнгө оруулагчдыг татах үзүүлэлт юм. Монголын уул уурхай, эм зүй, мэдээллийн технологи зэрэг салбар дахь боломжуудын талаар Энэтхэгт таниулан, мэдлэгийг түгээх замаар мэдээллийн тэгш бус байдлыг бид арилгах хэрэгтэй юм. Мэдээж, Энэтхэгийн Засгийн газрын нэг тэрбум ам.долларын санхүүжилтээр Монголд байгуулж буй Газрын тос боловсруулах үйлдвэр болоод Засгийн газар хоорондын (G2G) хэд хэдэн төслийн ашиг тус, үр дүн нь Энэтхэгийн хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээхэн татах нь дамжиггүй. Удахгүй Улаанбаатар хотноо Энэтхэгийн компаниудын зохион байгуулахаар төлөвлөсөн уул уурхай, газрын тосны салбартай холбоотой хуралд манай улсаас 35 компани оролцох бөгөөд үзэсгэлэнгийн үр дүнд Энэтхэгийн талын Монголын зах зээлийг сонирхох хүслийг улам бүр нэмэгдүүлэх болно.


-Үзэсгэлэнгийн талаар дэлгэрэнгүй танилцуулна уу?


-Энэтхэг улсын Засгийн газраас олгож буй 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэр барих ажлын хүрээнд Монгол Улсад суугаа Энэтхэг улсын ЭСЯ Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК болон “Инженер Индия Лимитед” компанитай хамтран “Буянт Ухаа” спортын ордонд Энэтхэг, Монголын газрын тос, байгалийн хийн үзэсгэлэнг энэ сарын 13-14-нд зохион байгуулах гэж байна. Уг үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр TATA Projects LTD болон Afcons Infrastructure LTD, хамтран ивээн тэтгэгчээр ISGEC Heavy Engineering LTD оролцож байна. Энэтхэг улсаас бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулахаар газрын тос, байгалийн хийн салбарын нэр хүндтэй 35 компани хүрэлцэн ирэхээр болсон. Тус бүтээгдэхүүн, үйлчилгээг Монголын газрын тосны үйлдвэр, дамжуулах хоолойг барих явцад ашиглах болно. Энэтхэг улсын ЭСЯ болон хамтран ажиллаж байгаа компаниудын нэрийн өмнөөс Монгол Улсын албан байгууллага болоод иргэдийг Газрын тос боловсруулах үйлдвэр, Энэтхэг улсын компаниудтай хамтран ажиллах боломжийг хайж энэхүү үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

Холбоотой мэдээ