Халагдсан дайчдад зориулан сургалт зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-05-10 15:38:12

Дархан-Уул /МОНЦАМЭ/. 2018 оны нэгдүгээр ээлжээр татагдаж цэргийн жинхэнэ албаа хаагаад аймаг орон нутагтаа ирсэн залууст зориулан “Халагдсан цэргийн сургалт”зохион байгууллаа. Сургалтыг жил бүрийн хавар, намар буюу 1,2 дугаар ээлжийн халагдсан цэргүүдэд зориулан аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас зохион байгуулдаг уламжлалтай аж.

Сургалтад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Албан бус боловсролын төв, Эрүүл мэндийн газар болон бусад ажил олгогч байгууллагууд хамтран оролцож халагдсан дайчдын эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжил олгох сургалт, ажлын байрны захиалга танилцуулсан юм.

Дээрх сургалтын үеэр аймгийн Цэргийн штабын орон нутгийн хамгаалалт, сургалтын офицер, ахмад Б.Оргилсайхан "Цэргийн гэрээт алба"-ны тухай танилцуулга хийжээ. Энэ нь халагдсан дайчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажлын байраар хангах зэргийг тодорхой хэмжээнд шийдвэрлэдэг байна. Мөн амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой дайчдын ар гэрт аймгийн Цэргийн штаб, багуудын нийгмийн ажилтнууд хамтран тусламж дэмжлэгийг үзүүлдэг байна.

 

Холбоотой мэдээ