“LG” компани “V50” загварын ухаалаг гар утсаа худалдаанд гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
khulan@montsame.gov.mn
2019-05-10 12:42:46

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын цахилгаан бараа үйлдвэрлэгч LG компани “V50” загварын ухаалаг гар утсаа БНСУ-ын зах зээлд баасан гарагт худалдаанд гаргана. Тус компанийн “5G” сүлжээ дэмждэг анхны ухаалаг гар утас энэ болох юм.


АНУ-ын технологийн салбарт тэргүүлэгч “Qualcomm” компанийн “Snapdragon 855” чипсет болон “X50 5G” модемыг суурилуулсан “V50” гар утасны 128 гегабайт багтаамжтай хувилбарын үнэ 1.2 сая вон /1054 ам.доллар/ ажээ.


Энэхүү гар утас нь БНСУ-ын зах зээлд худалдаанд гарсан “5G” сүлжээ дэмждэг хоёр дахь гар утас юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд “Samsung” компани “Galaxy S10” загварын ухаалаг гар утасныхаа “5G” сүлжээ дэмждэг хувилбараа 1.4 сая воны үнэтэйгээр худалдаанд гаргасан билээ.


V50” гар утсыг ирэх зургадугаар сарын эцсээр худалдан авах хүмүүст салангид дэлгэцийг үнэгүй өгөх бөгөөд ингэснээр олон үйлдлийг зэрэг хийх боломж бүрдэнэ гэж “LG” компаниас мэдээлжээ.


LG” компани сүүлийн найман улирлын турш үйл ажиллагааны алдагдал хүлээж байгаа бөгөөд зогсонги байдалд орсон гар утасны бизнесээ сэргээхийн тулд янз бүрийн арга замыг эрэлхийлж байгаа аж. 


БНСУ-ын цахилгаан бараа үйлдвэрлэгч компани зардлаа бууруулах зорилгоор БНСУ дахь ухаалаг гар утасны үйлдвэрээ Вьетнам руу нүүлгэх шийдвэрийг өнгөрсөн сард гаргасан байна. 

Холбоотой мэдээ