“Мөнхөд дурсагдах дайчид” жагсаалд 9000 гаруй хүн оролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-09 15:51:27

БЭЭЖИН. /TASS/. Монгол улсад болсон “Мөнхөд дурсагдах дайчид” хүндэтгэлийн жагсаалд 9 мянга гаруй хүн оролцсон тухай “TASS” агентлаг мэдээлэв. Улаанбаатар хот дахь ОХУ-ын Элчин сайдын яамны мэдэгдсэнээр, олон нийтийн байгууллагын санаачилгаар нийслэл Улаанбаатар хотод анх удаа жагсаал болсон байна.


Аугаа Эх орны дайны ялалтын 74 жилийн ой болон Халхын голын дайны хамтын ялалтын 80 жилийн ойд зориулсан хөдөлгөөнийг Улаанбаатар хотод “Монгол ард” эскадрилийн дурсгалын хөшөөнөөс Зөвлөлт Холбоот улсын маршал Г.Жуковын хөшөө хүртэлх чиглэлээр зохион байгуулжээ. Ёслолын жагсаал мөн Эрдэнэт хотод болсон байна.  


“Бидний зохион байгуулах жагсаалд та бүхнийг өргөнөөр оролцохыг хүсэж байна. Аугаа Эх орны ялалтын баярын мэндийг та бүхэндээ хүргэж байна” хэмээн Монголын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд олон нийтэд хандан үг хэлэхдээ мэдэгдсэн байна.


ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Искандер Азизов “Мөнхөд дурсагдах дайчид” жагсаалыг явуулахад дэмжлэг үзүүлж, Оросын бүх ард иргэдийн хувьд чухал өдөрт зориулсан арга хэмжээг зохион байгуулахад ихээхэн туслалцаа үзүүлсэнд Монголын талд чин сэтгэлийн талархал илэрхийлжээ.  


Түүнчлэн “Энэ өдрийг дурсан санаж буй Монголчуудад болон Монгол улс дахь Оросын байгууллагууд, баярын жагсаалыг зохион байгуулсан Монголын ахмад дайчдад талархал илэрхийлье. Энэхүү чухал арга хэмжээг зохион байгуулахад оролцож, дэмжлэг үзүүлсэн Монгол улсын Батлан хамгаалахын сайд болон Гадаад хэргийн яам, Зэвсэгт хүчний жанжин, офицеруудад тусгайлан талархаж байна” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ.

 

Холбоотой мэдээ