Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг УИХ анх удаа хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-08 17:58:28
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦМАЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо /ХЗБХ/-ны өнөөдрийн хуралдаанаар, Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос өргөн барьсан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлийг хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүлэхийг гишүүдийн олонх дэмжив.


Хэлэлцэх асуудалтай холбогдуулан дээрх илтгэлийг ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж танилцуулав. Тэрээр, хүний эрх, эрх чөлөө, боловсролын бодлого, ажлын байрны дарамт, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн эрхийг хөндөхөөс гадна эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудлыг тусгасан гэдгийг дурдав. Түүнчлэн онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хөдөлмөрлөх эрх, хүйсийн эрх тэгш байдлыг хангах зэрэг үндсэн зургаан сэдвийг багтаасан байна. 


Хэлэлцүүлгийн үеэр, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, 18 дахь жилдээ хэлэлцэж буй ХЭҮК-ын илтгэлийг сонсохдоо, тухайн сэдэвт хамаарч буй төрийн байгууллага, эрх нь зөрчигдсөн хүмүүсийн төлөөллийг оролцуулж, өргөн хүрээнд хэлэлцэж байх санал гаргасан. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил бусад орны хүний эрхийг хамгаалах байгууллагын статус, үйл ажиллагааны талаар жишээ дурдаж, эрх зүйн орчныг шинэчлэх замаар ХЭҮК-ын ажлыг нь үр дүнтэй болгох саналтай байгаагаа илэрхийлэв. Харин УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, тус комиссын бүтэц цомхон гэх асуудлыг хойш тавьж, тухайн байгууллага өөрөө санаачилга гарган бусад холбогдох байгууллагын дэмжлэг авч ажиллах шаардлага байгаа гэлээ. 


Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 13, 14 дэх илтгэлд эрүүдэн шүүхээс ангид байх эрхийн тухай тайлан дурдагдаж байсныг Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хэлээд, энэ асуудлаар Засгийн газар болон холбогдох байгууллагад 5-6 зөвлөмж гаргасан ч хэрэгжээгүйг онцолсон. Мөн хэргийг “Нууц” гэж халхавчилж байгааг тооцож, холбогдох баримт бичигт өөрчлөлт оруулах хэрэгтэй гэв. 


Ийнхүү ХЭҮК-оос өргөн барьсан "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэл"-ийг УИХ-аар хэлэлцэх эсэхээр санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 93.3 хувь нь дэмжив.  Жил бүрийн илтгэлийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцдэг байсан бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн анхны тохиолдол гэдгийг Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд онцоллоо. 

Холбоотой мэдээ