Сүхбаатарын талбайн авто зогсоолын орлогыг хотод төвлөрүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын төв талбайн урд талын 2.5 газрыг хэрхэн тохижуулж, иргэдийн амарч тухлах ая тухтай орчин нөхцөлийг цогцоор нь бүрдүүлэхийн тулд ямар бүтээн байгуулалт хийвэл зохимжтой талаар төслийн уралдаан зарлалаа.
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар мэргэжлийн
байгууллагуудын дунд энэхүү төслийн уралдааныг 14 хоногийн хугацаанд зарлаж,
шалгарсан төслийн дагуу бүтээн байгуулалтын ажил даруй эхэлнэ.
Жанжин Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газар 13
жилийн турш хувийн компанийн эзэмшилд явж ирснийг хотын Захирагч С.Амарсайхан олон
нийтэд ил болгож, дөрөвдүгээр сарын 23-нд гэрээг нь цуцлах захирамж гаргасан.
Захирамжийн дагуу “UB constraction” компанийнхан газраа чөлөөлж өгсний дараа
хууль журмын дагуу газрын ашиглалт, арчилгаа, зам засварын
үйлчилгээг нийслэлийн өмчит “Улаанбаатар АЗЗА” ХХК-д хариуцуулсан юм.
Сүхбаатарын талбайн урд хэсэгт бүтээн байгуулалтын төсөл
сонгон шалгаруулж, ажил эхлэх хүртэл тус компанийнхан хуучин авто
зогсоолыг иргэд олон нийтийн хэрэгцээнд нийцүүлэн түр ашиглуулж байхаар болсон.
Тиймээс НИТХ-ын 66 дугаар тогтоолын дагуу 30 минут нь 500, нэг цаг
нь 1000 төгрөг гэсэн тарифаар тээврийн хэрэгслүүдийг тус талбайд төлбөртэй өнөөдөр
өглөөнөөс зогсоож эхэллээ. “Улаанбаатар АЗЗА” ХХК-иас авсан мэдээллээр өглөө
07.30-10.30 цагийн хооронд тус талбайд 150 автомашин бүртгүүлжээ.
Өмнөхөөс ялгаатай нь эл төлбөртэй зогсоолоос олсон орлого
нийслэлийн төсөвт бүхлээрээ орох юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “UB
constraction” компанийн мэдэлд байсан төлбөртэй зогсоолын орлогоос 30 хувь нь
нийслэлд төвлөрөх ёстой байсан боловч нэг ч төгрөг Улаанбаатар хотод орж
ирээгүй тул гэрээг нь цуцлах үндэслэл болсон юм.
Дашрамд дуулгахад, нийслэлийн өмчит “Улаанбаатар АЗЗА”
компанийн хариуцаж буй тус зогсоол нь ажлын өдрүүдэд тээврийн хэрэгслээс
зогсоолын төлбөр авах боловч амралтын өдрүүдэд иргэд, олон нийтэд үнэ төлбөргүй
үйлчлэх юм.