УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг БОХХААБХ-ны даргаар томилохыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-08 14:01:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо (БОХХААБХ)-ны өнөөдрийн хуралдаанаар тус байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг томилохыг дэмжлээ.


УИХ-ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт “Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ”, мөн 22.4 дэх хэсэгт “Байнгын хорооны даргыг тухайн хорооны гишүүдээс сонгоно” хэмээн заасан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир БОХХААБХ-г даргалсан бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь дуусч буй юм. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгээс Х.Болорчулуун гишүүнийг тус байнгын хорооны даргад нэр дэвшүүлснийг олонх дэмжлээ. Байнгын хорооны даргын томилгоог УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм.


Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн А.Сүхбат байгаль орчны доройтлыг зогсоох, нөхөн сэргээхэд анхаарч ажиллахыг нэр дэвшигчид захилаа. Мөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах ажлын багтай хамтран ажиллах, ЖДҮХС-гийн зээлийн хэргийг шийдвэрлэхэд анхаарахыг захив.

Холбоотой мэдээ