Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-05 17:19:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд ажиллаж байна. Тэрбээр эхлээд тус сумын иргэдтэй уулзаж, орон нутаг дахь төрийн үйлчилгээ, удирдлагын ажлын хэрэгжилтийн тайланг сонслоо. 



Энэ үеэр Ерөнхий сайд 47 жилийн өмнө барьсан хуучин сургуулийг ирэх онд шинээр барих зураг төсөл, төсвийн хамт шийдвэрлэхээр болсныг сургуулийн багш, сумын удирдлагад танилцууллаа. Мөн 3.2 тэрбум төгрөг гаргаж, сумын эрчим хүчний асуудлыг бүрэн шийдвэрлэхийг Эрчим хүчний сайдад үүрэг болгов. Түүнчлэн Жаргалтхаан суманд 12 хүнтэй онцгой байдлын бүлэг байгуулахаар болж, тус суманд фургон автомашин хүлээлгэж өглөө. Сумын иргэд Засгийн газрын тэргүүнээс асуулт асууж, хариулт авч, шударга ёс, хариуцлага, дэг журам тогтоож буй үйлсийг нь дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа.



Өнгөрсөн онд 13 аймагт ажилласан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын зарим гишүүдийн хамт энэ сард Хэнтий, Говь-Алтай, Ховд аймагт бүтээн байгуулалтын ажилд ямар асуудал тулгарч буйтай танилцаж, газар дээр нь шийдвэрлэх юм.

Холбоотой мэдээ