89 ажил хайгчийг сул чөлөөтэй ажлын байранд зуучилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-05-05 10:10:05

Завхан /МОНЦАМЭ/. Завханд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы өдөрлөгт 650 гаруй иргэд оролцжээ. Энэ үеэр 9 аж ахуйн нэгж байгууллага  нээлттэй ажлын байрыг зарлаж 41 ажлын байрны захиалгыг бүртгэжээ.

Тухайлбал “Баялаг” ХХК, “Баян-Айраг эксплорейшн” ХХК, “Сайд уул” ХХК, “Нутгийн үйлс” ХХК, “Загастай-Загасан нүд ”ХХК, “Зост-Уул” ХХК, “Цогт бат мэргэн” ХХК, “Атар-арвай” ХХК, “Цагаан сээр” ХХК зэрэг 9 аж ахуйн нэгж, байгууллагын 41 ажлын байрны захиалгыг олон нийтэд зарласан байна. Ийнхүү өдөрлөгийн үеэр 89 ажил хайгчийг тохирох сул чөлөөтэй ажлын байранд зуучилж, шинэ ажлын байранд долоон иргэнийг оруулжээ.

Мөн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээнд 13 иргэнийг хамруулж, ажил хайгчаар шинээр 40 иргэнийг бүртгэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийн талаар 200 гаруй иргэн, нийгмийн халамжийн үйлчилгээний талаар 559 иргэнд тус тус зөвлөгөө мэдээлэл өгчээ. Дашрамд дуулгахад, энэхүү нээлттэй өдөрлөгийг Олон улсын хөдөлмөрийн байгууллага байгуулсаны 100 жил, Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага бие даан байгуулсаны 60 жилийн ойн хүрээнд Монгол Улс даяар нэгэн зэрэг зохион байгуулжээ.


Хууль тогтоомжийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол сурталчлах хэрэгтэй гэв

Нээлттэй өдөрлөгийн үйл ажиллагааны үеэр санал хүсэлтийн хайрцаг ажиллуулсан ба 253 иргэнээс санал асуулга авсан байна.

Санал асуулгад 47.3 хувь нь 46- 55 насны иргэд, 27.6 хувь нь 18-35 насны залуус, 13 хувь нь 36-45 насны иргэд, 12 хувь нь 55-аас насны иргэд оролцжээ. “Та ажил эрхэлдэг үү?” гэсэн асуулгад нийт оролцсон хөдөлмөрийн насны иргэдийн 70.2 хувь нь “үгүй” гэж хариулсан байна. Мөн “Та нийгмийн халамжийн тухай багц хууль, Хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль болон хөдөлмөр эрхлэлт, халамжийн үйлчилгээнд хэрхэн хамрагдах талаар хэр мэдэх вэ?” гэсэн асуултад нийт судалгаанд оролцогчдын 65.6 хувь нь сайн мэдэхгүй гэж хариулсан байгаагаас харахад иргэдэд хууль тогтоомжийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, гарын авлага бэлтгэж тараах зэрэг ажлуудыг хийх шаардлагатай байна гэж зохион байгуулагчид дүгнэжээ.

Харин “Хөдөлмөр эрхлэлт халамжийн үйлчилгээнд хамрагдахад ямар шалтгаанаар цаг хугацаа алдаж бэрхшээл учирч байна вэ?” гэсэн асуултад асуулгад оролцсон иргэдийн 56 хувь нь мэдлэг мэдээлэл дутмаг байдгаас хаана хандаж шийдвэрлүүлэхээ мэддэггүй гэж хариулсан нь мөн л дээрх шалтгаантай холбоотой байна. Нээлттэй хаалганы өдөрлөгт оролцсон 452 иргэнээс үнэлгээний судалгаа авахад оролцогчдын 75,8 хувь нь өдөрлөгөөс хүссэн мэдээллээ бүрэн авч чадсан гэж, албан хаагчдын зан харилцааны байдал болон иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгөх үйлчилгээг 86 хувь нь сайн гэж, судалгаанд оролцсон иргэдийн 96 хувь нь өдөрлөгийн зохион байгуулалтыг үр дүнтэй арга хэмжээ болсон сайн гэсэн үнэлгээг тус тус өгсөн байна.

Өдөрлөгийн үеэр иргэд тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөр эрхлэлт, цалин хөлс, ажлын байрны зуучлал, нийгмийн халамжийн үйлчилгээ нийгмийн даатгал, зэрэг нийгмийн хамгааллын салбарын бүхий л үйлчилгээ мэдээ мэдээллийг нэг дороос авч чадсан үр дүнтэй арга хэмжээ боллоо. Уг арга хэмжээний үеэр иргэд хууль тогтоомжийг сурталчлах үйлчилгээг сум багт газар дээр нь хүрч ажиллавал илүү үр дүнтэй. Тиймээс энэхүү арга хэмжээг тогтмол зохион байгуулан сурталчлах саналыг тавьж байсан. Ажил олгогч, ажил хайгчдыг уулзуулах, ажилд зуучлах хамгийн оновчтой дөхөм талбар байсан талаар иргэд дуулгалаа хэмээн аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас тус тус мэдээлэв. 

Холбоотой мэдээ