Гамшиг ослын үед ноцтойд тооцогдож болох зөрчлүүд гарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-03-24 22:20:48

Гамшгийн үед зарлан мэдээлэх дуут дохио дуугарах үед Дархан-Уул аймгийн бүх сумдын байгууллага, аж ахуйн нэгжүүд бэлэн байдлаа шалгууллаа.

Уг дуут дохио дуугарах үед тус аймгийн Нэгдсэн Эмнэлэгт явж очиход тус эмнэлгийн Амбулаторийн эмч мэргэжилтнүүд эмнэлгийнхээ гадаа талбайд цувран гарч ирээд аймгийн Онцгой Байдлын газрын ажилтнуудад бэлэн байдлаа шалгуулав.

Аймгийн Онцгой байдлын газрын ахлах дэслэгч Я.Соёлсайхан:-“Гамшгаас хамгаалах хууль, Засгийн газрын 339, 340 дугаар тогтоолын дагуу дуут дохио ажилласан яг энэ үед аймгийн Нэгдсэн Эмнэлэгт ирж шалгаж үзэхэд бэлтгэлээ зохих хэмжээгээр хангасан ч гэсэн анхаармаар зүйл их байна. Наад зах нь албан хаагчид нь байрнаасаа гарахдаа нэг эгнээгээр баруун гар талаа барьж гүйхгүйгээр тайван гарах ёстой байтал тэгэхгүй байна. Хүн харахад жижиг ч гэсэн гамшиг ослын үед ноцтойд тооцогдож болох зөрчлүүд гарч байна. Эмч ажилчид бичиг баримтаа биедээ авч явдаггүй юм байна. Яг энд зогсож байгаа 51 хүнээс 19 хүн ямар нэгэн бичиг баримтгүй хэн гэдэг нь тогтоогдохгүй дүр зураг байна” гэв.

Дархан-Уул аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Аж ахуйн албаны дарга н.Батсүх:-“Манай Нэгдсэн Эмнэлгийн тасаг нэгжүүдэд нийт 400 гаруй ажиллагсад байдгаас яг одоогийн байдлаар 200 гаруй эмч албан хаагчид дуут дохиогоор гарч ирээд байна. Тасгууд маань өөр өөр байрлалтай учраас тус тусдаа гарч байгаа. Бид эмнэлгийнхээ нийт тасаг нэгжүүдэд хоёр ч удаа дасгал сургууль хийсэн. Энэ талаар бүрэн мэдээлэл дадал эзэмшсэн гэж үзэж байгаа” гэв. Энэ удаагийн дадлага сургалтад аймгийн ЗДТГ, Их дээд сургууль, ЕБС, ЭМГ, Банк санхүүгийн байгууллагууд, томоохон худалдааны газрууд зэрэг аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 154 аж ахуйн нэгж байгууллагууд болон Орхон, Шарын гол, Хонгор сумууд бүрэн хамрагдлаа гэж аймгийн ОБГ-ын дарга Г.Батбаяр ярилаа.

Гамшгийн үед зарлан мэдээллийн дохиогоор нэгэн зэрэг ажиллах дадлага сургалт хэрхэн явагдаж байгааг хянах зорилгоор аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга А.Энхболд, ОБГ-ын дарга Г.Батбаяр нар Дархан сумын Нэгдсэн эмнэлэг, ХААИС, ШУТИС, ЭМГ, Дархан зах, Жигүүр цогцолбор сургууль зэрэг байгууллагуудад газар дээр нь очиж танилцлаа. Тус дадлага сургалтад аймгийн ОБГ-аас 157 албан хаагч, Цагдаагийн газраас 10 орчим албан хаагч хяналт тавьж заавар зөвлөмж өгч ажилласан байна. Хяналтын нэгдсэн дүнг энэ сарын 25-ны өдөр нэгтгэн гаргаж нийтэд мэдээлэх юм.

Аймгийн хэмжээнд иргэд олноороо цуглардаг “Дархан-50 цогцолбор”, “Миний Монгол” үндэсний хүрээлэн, “Төв цэнгэлдэх хүрээлэн”, ЕБС-иудын биеийн тамирын талбай зэрэг томоохон 10 орчим цэг байдаг бол улсын онц чухал 15 объект, галын онц аюултай 24 объект, галын 1, 2, 3 дугаар зэрэглэлийн 170 гаруй объект байдаг байна.

                                                                 Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ