Ерөнхий сайд 3x3 сагсан бөмбөгийн тамирчдыг хүлээн авч уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбооны удирдлага, дасгалжуулагч, тамирчдыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Сагсан бөмбөгийн тус төрөл нь 2011 оноос албан ёсоор FIBA-ны үйл ажиллагаанд орж, жилийн дотор 150 гаруй орныг хамарч, 2017 оноос Олимпийн төрөлд багтсан. Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоо Дэлхийн сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллаж харилцан итгэлцсэн харилцаа бий болгоод байгаа гэж тус холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав Ерөнхий сайдад танилцуулав. Энэ оны зургаадугаар сард манай улсад 23 насны Үндэстнүүдийн лиг, U18 насны Дэлхийн аварга, Улаанбаатар Гран-При гэсэн гурван том тэмцээн зохион байгуулах гэж байна. Эдгээр тэмцээний зохион байгуулалт болоод тамирчдын бэлтгэл ид үргэлжилж байгааг тэрбээр хэллээ.
3x3 сагсан бөмбөгийн төрлийг улс орондоо хөгжүүлж, олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцож буй багш, дасгалжуулагч, тамирчдад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх талархал илэрхийллээ. Мөн, өөрсдөө санаачилж, хөрөнгө санхүүгээ зориулж эх орон, ард түмнийхээ нэр хүндийг олон улсын тавцанд гаргаж байгаад чин сэтгэлээсээ баярлаж байна. Манай улсад энэ спорт хөгжих бүрэн боломжтой. Хүүхэд залуус маань сагсан бөмбөгийн спортод сонирхолтой. Спорт бол зөв хүмүүжил, зөв төлөвшил олгодог. Ялангуяа, багийн спортын ач холбогдол өндөр. Тийм учраас Ерөнхий сайдын хувьд дэмжиж ажиллана гэлээ.
Монголын 3x3 сагсан бөмбөгийн тамирчид 2015 оноос хойш Элсний наадмын хүрэл, Дэлхийн оюутны аварга, Ази тивийн мөнгө, хүрэл медаль хүртэж 2018 онд дэлхийн аваргын шилдэг найман багт оржээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дасгалжуулагч, тамирчдад Олимпийн эрх авч, "Токио-2020" наадамд амжилттай оролцохыг ерөөлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.