Улаанбурхан өвчний улмаас ХӨСҮТ ачаалалтай ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-03-24 17:10:02

Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар өнөөдөр ХӨСҮТ-д ажиллаж нөхцөл байдалтай биечлэн танилцлаа.

Өнөөдрийн байдлаар  ХӨСҮТ-д 629 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас халдвартын тасагт 440 хүн, үүний 412 улаанбурхан өвчний улмаас эмчлүүлж байгаа аж.  Эдгээрээс 17  нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт хэвтэн  эмчлүүлж байна. 

Өвчлөлийн насны хувьд 33 хувийг 15-29 насныхан, 15 хувийг 0-8 сартай  буюу вакцин тариулах нас болоогүй хүүхдийн өвчлөл эзэлж байна.

Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг  гүйцэтгэгч Ц.Оюунбаатар  эмчилгээ үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмж, мэргэжил арга зүйн дэмжлэгийг цаг алдалгүй шуурхай үзүүлэхээс гадна, өндөр ачаалалтай илүү цагаар ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдийн илүү цагийн цалин тэтгэмжийг шийдвэрлэх талаар ажиллана гэдгээ  уламжиллаа.

ХӨСҮТ-ийн нөөцөнд голомтод хийх 10 000 гаруй мянган хүн/тун вакцин байгаа бөгөөд товлолоор хүүхдэд хийх 75 000 хүн/тун байна. Эрүүл мэнд, спортын сайдын тушаалаар тархвар зүйн, эмнэлзүйн, санхүүгийн зөвлөх багийг томилон ажиллуулж байна.

 Эмнэлзүйн баг нь ХӨСҮТ-д 7 хоногт 2-3 удаа ажиллаж, зөвлөгөө өгч байна. Энгийн үед хоногт долоон эмч 26 сувилагч хонон ажилладаг байсан бол одоо 14 эмч, 45-50 сувилагч хонон ажиллаж байна.  Өнөөдрийн байдлаар Улаанбурхан өвчний голомтын хүрээний 50000 гаруй хүнийг улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар дархлааажуулжээ. Өвчлөл өндөр байгаа Увс, Сэлэнгэ, Орхон, Ховд, Хэнтий, Өмнөговь,Дорнод аймагт ХӨСҮТ-өөс мэргэжлийн баг ажиллаж, дэмжин туслах үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байна. Түүнчлэн Улаанбурхан өвчний талаар 21 аймгийн ЭМГ-ын мэргэжилтнүүдэд цахим хурлыг тогтмол хийж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллаж байгаа юм.

Нийслэлийн эмнэлгүүдэд дэмжлэгт хяналт, хийж, 500 гаруй эмч мэргэжилтнийг сургалтад хамруулжээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ