Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх ”Хамтын хүч-2" дэд төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-05-02 23:14:25

Увс /МОНЦАМЭ/. Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх "Хамтын хүч-2" дэд төсөл нь Увс аймгийн эрүүл мэндийн салбарт энэ жил дахин хэрэгжихээр болж, энэ сарын 1-нд нээлтээ хийлээ. Тус төслийн хүрээнд Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг болон сумдын эрүүл мэндийн төвүүдийн эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авалтад олон нийтийн оролцоотой хөндлөнгийн хяналт үнэлгээ хийх юм.  

Энэ төслийг хэрэгжүүлэхэд орон нутгийн 150 гаруй хүн оролцох бөгөөд аймгийн төвөөс гадна Тариалан, Баруунтуруун суманд тус төсөл хэрэгжих аж. Төслийн санхүүжилт нь нийтдээ 76,3 сая төгрөг бөгөөд үүнээс 40 гаруй сая нь аймагт, үлдсэн нь Улаанбаатар хотод болох үйл ажиллагаанд зарцуулах юм.

“Сүүлийн хоёр жилд аймгийн хэмжээнд эх, нярайн эндэгдэл гараагүйн дээр, эрүүл мэндийн зарим үзүүлэлтүүд дээшилж, 2018 оны ажлын үзүүлэлтээрээ Увс аймгийн Эрүүл мэндийн газар улсад тэргүүлсэн. Мөн эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах төсөв маань 400 сая төгрөгөөр нэмэгдсэн. Энэ бүхэнд Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх  "Хамтын хүч -2" дэд төслийн үр дүн, үүрэг оролцоо их байсан” хэмээн аймгийн ЭМГ-ын дарга Ц.Отгонбаяр төслийн нээлтийн үеэр онцолсон юм.

Нээлтийн арга хэмжээнд аймгийн төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцож, санал бодлоо илэрхийлж, сонирхсон асуултдаа хариулт авлаа. 

Холбоотой мэдээ