БНСУ-д хэрэгжүүлж буй хүнсний аюулгүй байдлын менежментээс суралцлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн хяналтын байцаагч нар өнөөдөр "Хүнсний аюулгүй байдлын олон
улсын менежмент, удирдлагын тогтолцооны тухай ойлголт, түүнийг нэвтрүүлэхэд анхаарах зүйл” сэдэвт сургалтад хамрагдлаа.
Сургалтаар БНСУ-д
хэрэгжүүлж буй хүнсний аюулгүй байдлын менежмент буюу НАССР (Эгзэгтэй цэгийн аюулгүй байдалд тавих дүн шинжилгээ)
тогтолцооны талаар танилцууллаа. Энэ нь ХАА-н бүтээгдэхүүн байлаа гэхэд түүнийг
ургуулж үржүүлж тарихаас нь эхлээд эцсийн бүтээгдэхүүн болж хэрэглэгчдэд хүрэх
үе шат бүрт урьдчилан сэргийлсэн хяналт тавьж, шалгалт хийдэг нарийн тогтолцоо
юм байна. Үүнийг Монголд нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг НМХГ-ын
Хүнсний чанарын стандартын хяналтын улсын байцаагч Д.Хишигтуяа онцолж байв.
Тэрээр хэлэхдээ, “Мэргэжлийн
хяналтын байцаагч бид мэдлэг, мэргэжлээ зузаатгаж байж ААН, иргэдэд мэргэжлийн
арга зүйн талаар зөвлөж, хяналтаа сайжруулна. Энд олон улсын туршлагыг эх орондоо
нэвтрүүлэх хэрэгтэй байна” гэж байв. Өнөөдөр манайд лабораторын хяналт шалгалт
сул байгааг онцлоод, “Жишээ нь, Монголд эм, бэлдмэлийн үлдэгдлийг тодорхойлох
ганцхан газар ажиллаж байна. Манайд бүх зүйлийг иж бүрэн, маш сайн тодорхойлдог
лабораториуд хэрэгтэй байна. Наад зах нь байцаагч бидэнд бүтээгдэхүүний аюулгүй
байдлын үзүүлэлтүүдийг газар дээр нь джитал аппарат тоног төхөөрөмжөөр шууд
үздэг техник багаж, хэрэгсэл дутагдаж байна” хэмээн хэлж байв. Тэрээр БНСУ-д
КОЙКА-гийн шугамаар суралцах явцад дээрх сургалтыг хийх төслийг хэрэгжүүлэх
санал тавьсныг БНСУ-ын тал хүлээн авчээ.
Хүнсний аюулгүй байдал,
эрүүл ахуйн чиглэлийн хяналтын улсын байцаагч нарын чадавхыг нэмэгдүүлж
сайжруулах өнөөдрийн сургалтад мал эмнэлэг, ургамал, эрүүл ахуй, хүнсний чанар
стандарт, дотроо хоол, худалдааны хяналт гэсэн таван чиглэлийн 110 гаруй
байцаагч хамрагдав. Сургалтаар ХААИС, ШУТИС-ийн эрдэмтэн, мэргэжилтнүүд мөн
хүнсний аюулгүй байдал, ISO-22000-18 стандартын талаар танилцууллаа.
Б.Болд