Б.Хаданхүү: Шавь нараасаа холдож чадахгүй сургана гэдэг миний хувьд их жаргал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-04-30 17:17:30

Завхан /МОНЦАМЭ/. Улиастайд ахмад багш Б.Хаданхүүгийн ширээний теннисний дугуйланд 80 гаруй хүүхэд суралцаж улс, аймгийн хэмжээний тэмцээнүүдэд амжилт үзүүлээд байна.

70 гаруй настай ахмад багш Б.Хаданхүү аймагтаа анхны теннисний дугуйланг нээн ажиллуулснаас хойш тав дахь жилдээ сургалтаа явуулж байна. Тэрээр дугуйлангаа хичээллүүлснээс хойш 160 гаруй шавьтай болжээ. Аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын байранд Хаданхүү багшийн шавь нар теннисийн бэлтгэлээ хийдэг байсан бол одоо Баруун бүсийн тамирчдыг олимпод бэлтгэх төвд долоо хоногт 12-14 цаг хичээллэдэг ажээ.

Түүний шавь нараас 2018 онд аймгийн болон улсын тэмцээнүүдэд 11 суралцагч амжилт үзүүлжээ. Хичээлээс бусад цагаар хүүхдүүдийг зөв боловсон хөгжүүлэх, эрүүл чийрэг бие бялдартай болгон хүмүүжүүлэхэд энэ спорт чухал үр нөлөөтэй. Теннисээр хичээллэхэд зөвхөн бие эрүүл чийрэг болоод зогсохгүй, хүмүүжлийн хувьд эерэг нөлөө үзүүлдэг. Хүүхдүүд энэ спортоор хичээллэснээс хойш биеийн тамирын хичээлдээ сайн болсноос гадна хүнтэй зөв харилцаж сурах, биеэ даах чадвартай болох гээд олон зүйлийг сурч тэсвэр хатуужилтай болно хэмээн ахмад багш хэллээ. 


Шавь нараасаа холдож чадахгүй сургана гэдэг жаргал гэв

Б.Хаданхүү багш боловсролын байгууллагад 40 орчим жил ажиллаж, ерөнхий боловсролын сургуулийн захирлын албыг 10 гаруй жил хашжээ. Хөдөлмөрийн багш мэргэжилтэй тэрээр 20 гаруй жил теннисээр хичээллэж байна. Энэ туршлагаа тэтгэвэртээ гарснаас хойш хүмүүстэй хуваалцаж байгаа нь түүний хувьд хамгийн том баяр баясал. 70 нас хэдийнэ өнгөрсөн ч нүдний хараа сайн, хөл гар хөшихгүй байгаа нь ч энэ спорттой холбоотой.

Мөн тэрээр Улиастайчуудад өдөр тутамдаа дугуй унахыг байнга зөвлөж үлгэрлэдэг байна. Теннисээр хичээллэх сонирхолтой насанд хүрэгчдэд ч тусгай дугуйлан ажиллуулж эхэлжээ. Тус дугуйлангаар өнөөдөр 20 орчим иргэн байнгын хичээллэдэг байна. Хүн тэтгэвэртээ гарсан ч ажил мэргэжил, хүсэл сонирхол хэзээ ч хөгширдөггүйн үлгэрлэл болж яваа энэ хүн шавь нараа аймгийн төдийгүй улсын уралдаанд тэргүүлэх хэмжээний чадварлаг тамирчин болгон хүмүүжүүлэхээр бэлтгэл дасгалаа өдөр бүр хийдэг ажээ. Тэтгэвэртээ гарсан хэдий ч шавь нараасаа холдож чадахгүй сургана гэдэг миний хувьд их жаргал юм хэмээн ахмад багш хэллээ.

Холбоотой мэдээ