Япон, ОХУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзана

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-30 13:48:12

ТОКИО. /Japantoday/. Японы Гадаад хэргийн сайд Таро Коно ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзаж, газар нутгийн маргааны асуудлаар яриа хэлэлцээ хийхээр ирэх сарын 10-нд Моксва хотыг зорино. Түүний айлчлал 3 хоног үргэлжлэх ажээ.


Маргаантай арлууд дахь эдийн засгийн хамтарсан үйл ажиллагааны талаарх яриа хэлэлцээгээ урагшлуулах зорилгоор хийх энэхүү уулзалт нь талуудын энэ жил хийж буй 3 дахь удаагийн уулзалт болох юм. Түүнчлэн уг уулзалт нь Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын дээд хэмжээний уулзалт болохын өмнө итгэлцлийг бэхжүүлэх зорилготой юм.  


Японд Умард нутаг дэвсгэр, Орос улсад Өмнөд Курилын арлууд гэгддэг маргаантай арлуудын талаарх санал зөрөлдөөн Дэлхийн II дайнаас хойш үргэлжилсээр байгаа бөгөөд энэ асуудал хоёр улсын хооронд найрамдлын гэрээ байгуулахад саад учруулсаар байгаа юм.


Хоккайдогоос зүүн зүгт байрлах арлуудыг Зөвлөлт Холбоот Улс хууль бусаар эзлэн авсан гэж Япон үздэг бол нутаг дэвсгэрийг дайны үр дүнд эзлэн авсан хэмээн Оросын тал үздэг байна. 

Холбоотой мэдээ