Ирэх хичээлийн жилийн төлбөрөө ил тод зарлахыг их, дээд сургуулиудад шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2016-03-24 13:28:54

ШӨХТГ-аас өгсөн өнөөдрийн мэдээллээр бас нэгэн асуудал анхаарал татлаа. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг өмчийн бүх төрөлд хамрах 20 гаруй их, дээд сургуульд зөвлөмж хүргүүлснээ мэдээлэв.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхлэхээс өмнө сургуулийнхаа удирдах зөвлөлийг хуралдуулж 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг тогтоож, их, дээд сургуульд элсэн орох босго онооны хамт олон нийтэд зарлахыг уг зөвлөмжид дурдсан байна. Их, дээд сургуулиуд ийнхүү ирэх хичээлийн жилийн сургалтын төлбөрийн мэдээллийг хаврын төгсөлт, элсэлтийн үеэр  олон нийтэд ил тод зарлах нь дараах ач холбогдолтой гэж ШӨХТГ-аас үзжээ.

Энэ нь ерөнхий боловсролын сургууль төгсөгчид мэргэжлээ сонгоход үнэн зөв мэдээлэлтэй болно. Мөн сургалтын төлбөр, сургуульд элсэх босго оноо элсэгч бүрт нээлттэй болохын зэрэгцээ эцэг, эхчүүд, оюутнууд ирэх хичээлийн жилийн сургалтын төлбөрөө бэлдэх боломж бүрдэнэ. Их, дээд сургуулийн 2, 3, 4 дүгээр дамжаанд дэвшин суралцах оюутнууд хавар сургууль төгсөхдөө сургалтын төлбөр хэрхэн өөрчлөгдөх талаарх мэдээлэлтэй болно.  Өмнөх жилүүдэд их, дээд сургуулиуд сургалтын төлбөрийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмдэг байсан. Энэ жилийн хувьд инфляцын өсөлтийн хэмжээ маш бага байгаа тул 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр нэмэгдэхгүй байх гэж найдаж байна гэж ШӨХТГ мэдэгдлээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ