Галт тэрэгний үнэд цай, кофены үнийг шингээхгүй болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-24 13:15:04

ШӨХТГ-аас галт тэргээр зорчиж буй иргэдийн хувьд тасалбарын үнэд цай, кофе болон цагаан хэрэглэлийн үнийг шингээж байсан нь хэрэглэгчийн эрхийг зөрчиж байгаа тул зорчигчид өөрсдөө  сонгож цай, кофегоор үйлчлүүлэхийг зөвлөж байна. Өнөөдрийн мэдээллээр энэ тухай онцлов.

Зорчигч өөрөө цагаан хэрэглэлээ авч яваа тохиолдолд тухайн галт тэрэгний цагаан хэрэглэлийг ашиглахгүй байх боломжтой. Мөн тухайн галт тэрэгнээс заавал цай худалдан авах шаардлагагүй юм. Зорчигчийн тасалбар худалдан авч байгаа этгээдээс ийнхүү цагаан хэрэглэл, цайны мөнгийг дур мэдэн хураан авч байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.12 дах “бараа бүтээгдэхүүн борлуулахдаа иж бүрдэлд ороогүй бараа дагалдуулах”-ыг хориглосон, 12.1.10 дах “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх”-ийг хориглосон заалтыг тус тус зөрчиж байна гэдгийг УБТЗ-д зөвлөсөн  байна. УБТЗ зөвлөмжийг хүлээн авч зорчигчид өөрсдөө цай, кофе, цагаан хэрэглэл авах эсэхээ сонгодог болжээ. Түүнчлэн галт тэрэгний тасалбар урьдчилан захиалчхаад түүнийгээ гээсэн, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд, урьдчилсан захиалга цуцлагдвал тасалбарын тарифт үнийн 10 хувийн суутган авдаг байсан нь өрсөлдөөний хуульд нийцэхээргүй байжээ. Үүнийг өөрчлөх шаардлагыг ч мөн УБТЗ-д хүргүүлснийг ч гөалт тэрэгнийхэн хэрэгжүүлж эхэлжээ. Мөн төлбөрийн карт уншигч төхөөрөмж ашиглаж төлбөр, тооцоо гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх байгууллагаар зөвхөн ХААН банкийг сонгосон нь бусад банкны хэрэглэгчдэд хохиролтой байгааг зорчигчдын зүгээс гомдол ирүүлсэн байна.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ