Цэргийн анги байгуулахыг Архангайнхан дэмжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-24 09:23:29

Архангай  бол Монгол Улсын төвд оршдог хил хязгаараас хол болоод ч тэр юм уу цэрэггүй ганц аймаг билээ.  Барилгын цэргийн анги байгуулагдах сургаар хөдөөгийн харчууд хэзээ бол хэмээн чих тавин байдаг. Энэ тухай барилгын цэргийн анги байгуулах талаар холбогдох хүмүүсээс тодрууллаа.

Насаараа төрийн захиргааны албыг хашиж байгаа зэвсэгт хүчний бэлтгэл ахлагч, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Цэнхэр сумын Засаг дарга Б.Батжаргалтай уулзаж хөдөөгийн залуучуудын төрхийн талаар яриа дэлгэлээ. Тэрээр, орон нутагт барилгын цэргийн ангийг байгуулах шаардлагатай байгаа юм. Хөдөөгийн ихэнх харчуул гэр орондоо ч хийсэн юм үгүй нийгэмд ч тус болсон юмгүй хий сэлгүүцэн мотоциклоор давхиж танхайрсан хүмүүс байдаг юм. Тэднийг хол газар цэрэгт явуулах гэхлээр үнэн худал нь мэдэгдэхгүй “Өвчнөөр”-гараад ирдэг. Орон нутагт барилгын цэргийн ангитай болчихвол, олон талын ач холбогдолтой. Нэгд, тэд хөдөө мал хулгайлж архи уун хэрэг тарих боломжгүй, хоёрт, цэргийн алба хааж бие хүн болж төлөвшинө, гуравт, тэд энгийн мэргэжилтэй болоод ирнэ-гэв.                                                                     Аймгийн Засаг дарга Д. Бат-Эрдэнэ энэ тухай саналаа хэлэхдээ, манай аймагт дөрвөн МСҮТ байдаг. Хөдөлмөрийн яамны харъяанд байдаг “Архангай”- МҮСТ  бол монголын анхны таван ТМС-ийн нэг материалаг бааз сайтай.  Иймд эко барилгын инженерийн ангид алба хааж байгаа цэргүүдэд богино хугацаанд экологийн боловсрол болон зам барилгын нарийн мэргэжлийг богино хугацаанд олгох боломжтой хэмээв.

2015 оны 08 сарын 09  батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Архангай аймагт ажилласан. Тэрээр, Засгийн газрын гишүүний хувиар орон нутгийн иргэдтэй уулзаж, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны чиглэл, бүтээн байгуулалтын ажлуудаас онцолж ярилцсан бол Батлан хамгаалахын сайдын хувиар батлан хамгаалах бодлогын талаар орон удирдлагын санал хүсэлтийг сонссон юм. Түүнийг дагалдаж батлан хамгаалах яамны стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, зэвсэгт хүчний ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат, зэвсэгт хүчний агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч, хурандаа Ш.Энхбат, ЗХЖШ-ын газрын дарга, хурандаа М.Эрдэнэдалай нарын албаныхан ажилласан билээ. Энэ үед хугацаат цэргийн албанд эрүүл мэндээр тэнцдэггүй залуусын тоо нэмэгдэж буйд санаа зовж буйгаа орон нутгийн удирдлагууд онцлоод цаашдаа боловсролын тогтолцоонд өөрчлөлт оруулах шаардлага байгааг илэрхийлж байсан. Энэ нь хуучин цагт сурагчдыг биеийн тамирын хичээлээр чийрэгжүүлэн, бэлтгэх, өв тэгш бие бялдартай болоход анхаарч байсан бол одоо сагсан бөмбөг тоглуулахаас өөр дасгалгүй болсон тухай ярилаа.

Түүнчлэн Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ "Манай аймагт цэргийн анги байгуулж өгөөч гэдэг хүсэлтийг олон удаа Засгийн газар, Батлан хамгаалах яаманд хүргүүлсэн. Гэвч тоймтой хариу байдаггүй. Иймд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон та манай хүсэлтэд хариулт өгөөч. Ер нь цэргийн анги салбартай аймагт илүү том давуу тал бий  болж байна. Өрөөр хэлбэл, бүтээн байгуулалтад түүчээлж чадаж байна. Иймд барилга инженерийн анги байгуулж өгнө үү" гэсэн хүсэлт байв. Тэр ч бүү хэл, Засаг дарга Д.Бат-Эрдэнэ анги байрлуулж болох  дөрвөн давхар бүхий обьектын барилгыг санал болгож үзүүлсэн юм.

Архангай аймаг Л.Булган

Холбоотой мэдээ