Аймгийн номын сан иргэдийн санхүүгийн боловсролд зориулсан булантай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-04-23 18:48:38

Завхан /МОНЦАМЭ/. Дэлхийн номын өдөр Б.Явуухулангийн нэрэмжит аймгийн төв номын санд Завхан аймаг дахь Монголбанкны салбараас нэрэмжит булангаа нээжээ.

Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, эрдэмтэн судлаачдын хэрэгцээг хангах, төрийн мөнгөний бодлогын хэрэгжилтийн талаар сурталчлах, хүүхдүүдэд санхүүгийн боловсролоор дамжуулан хуримтлал бий болгох зорилгоор энэхүү банкны нэрэмжит номын буланг нээжээ. Номын буланд 20 гаруй төрлийн Монголбанкнаас эрхлэн гаргасан бүтээлүүд тавьжээ. Энэ өдөр сургуулийн сурагчид болон иргэдэд зориулсан уулзалт хийж Монголбанкнаас эрхлэн гаргасан ном хэвлэмэл бүтээгдэхүүний талаарх онцлог танилцуулгыг хийжээ. Тус арга хэмжээ нь Монголбанкны хѳгжлийн 95 жилийн аяны хүрээнд зохион байгуулсан аж. 

Нэрэмжит булангаар дамжуулан насанд хүрэгчид Монголбанкны жилийн тайлан, судалгааны ажил, төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах бодлого, Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлын тайлан, Монголбанкны мэдээлэл, санхүүгийн боловсрол гарын авлага, сэтгүүлчдэд зориулсан гарын авлага гээд хэрэгцээтэй мэдээлэл бүхий ном, товхимлыг авч уншиж болох ажээ. Хүн бүр л мөнгө, санхүүтэй холбоотой шийдвэрийг өдөр тутам гаргаж, эдгээр шийдвэрүүдийн үр дүнд эдийн засаг маань бүрэлдэн тогтож байна. Тэгэхээр иргэдийн санхүүгийн мэдлэг сайжирснаар илүү оновчтой шийдвэр гаргах боломж нь нэмэгдэж, улмаар эдийн засаг маань тогтвортой байхад нөлөөлнө гэсэн үг. Түүнчлэн, Монголбанкнаас хэрэгжүүлж буй бодлогыг илүү сайн ойлгох нь эргээд мөнгөний бодлогын хэрэгжилт, үр дүнтэй байдалд эерэгээр нөлөөлнө. Тиймээс манай Монголбанкнаас гаргасан энгийн ойлгомжтой хэлбэрээр бүтээсэн Санхүүгийн боловсрол гарын авлагыг насанд хүрэгчид болон хүүхдүүд уншиж судлах боломжтой юм хэмээн Завхан дахь Монгол банкнаас мэдээлэв. 

Холбоотой мэдээ