УИХ-ын дарга дугуй, автобус хөлөглөн Цэцэрлэг хоттой танилцав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ2016 оны гуравдугаар сарын 22-ны орой Цэцэрлэг хотноо Д.Ичинхорлоогийн нэрэмжит хөгжимт драммын театрт Монгол УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын байнгын хорооны дарга Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Санжмятав нар Архангай аймгийн иргэдтэй уулзалт хийлээ.
Уулзалтанд оролцсон нутгийн иргэдийн санаа бодол сэтгэл ханамж тэнүүн байлаа. Уулзалтын дараа спикер болон түүний дагалдан яваа хүмүүс Булган уулын өвөр дэх Заяын гэгээний цогцолбор өөд явган авиран гарч, шөнийн гэрэлтэх Цэцэрлэг хотыг хараад дараа нь өнгөрсөн өвөл шинээр ашиглалтанд орсон “Ундрам”- буудалд буудаллаа.
2016 оны гуравдугаар сарын 23-ны өглөө долоон цагаас УИХ-ын дарга түүний ажлын хэсэг “Гудамж төсөл”-ийн хүрээнд Цэцэрлэг хотын дугуйн замаар дугуйтай аялал хийсэн нь өглөө эртлэн босож салхинд гарч яваа настангуудын сонирхлыг татав. Тэгээд өглөөний цай уугаад Цэцэрлэг хотоор автобустай аялал хийж шинээр сүндэрлэн боссон барилгууд, “Гудамж төсөл”-ийн хүрээнд бий болсон дэд бүтэц, зам талбайг үзэж харлаа.
Автобустай аяллын хөтчийн үүргийг Архангай аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат гүйцэтгэлээ. Тэрээр, “Баруун болон хангайн бүсийн багшлах боловсон хүчний 80 хувийг бэлтгэдэг багшийн дээд сургуульд 1200 гаруй эмэгтэй оюутан суралцдаг гэхэд автобус дүүрэн инээд цангинаж хэн нэгэн, “Яагаад заавал эмэгтэй гэж?”-онцлож асуув. Ер нь хошигнож ярьдаг ИТХ-ын дарга Ч.Мөнхбат маань “Ийм л учраас манай аймагт цэргийн анги хэрэгтэй байгаа юм. Цэрэгт татагдсан залуус мэргэжилтэй болох МСҮТ манай аймагт байдаг. Архангай аймгийн хүн ам сүүлийн жилүүдэд өсөж байгаа нь хоёр талтай, нэгдүгээрт, шинэ залуу гэр бүл их нэмэгдэж байгаа учраас, хоёрдугаарт, Увс Ховд Завхан Хөвсгөл Өвөрхангай Баянхонгор аймгаас олон айл өрх шилжин ирсэн байдаг. Цэргийн ангитай болчихоор цэрэгт ирсэн харчуул, нэгдүгээрт, цэргийн албаа хааж, хоёрдугаарт, мэргэжилтэй болж, гуравдугаарт, эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож, дөрөвдүгээрт, багшийн сургуульд суралцаж байгаа нутаг нутгийнхаа эмэгтэй оюутнуудтай танилцаж улмаар ханиан дагуулаад гэртээ харинагэсэн тайлбар нэмж өглөө.
"Цэцэрлэг хотод 1990-2012 онд 36 айлын орон сууц баригдсан бол зөвхөн сүүлийн гурван жилд 744 айл шинэ сууцанд ороод байна”- гэж бүтээн байгуулалтын ажлаа тайлбарлаж эхлэхэд Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Хот маань “Цэцэрлэг” - нэртэй учраас, аймгийн Засаг дарга цэцэрлэгийн асуудлыг нэн түрүүнд шийдвэрлэсэн юм”- гэж үг нэмлээ. Үнэхээр ч, нэг цэцэрлэг барихад 1,4 тэрбум төгрөг гардаг бол, аймгийн удирдлага гарцыг зөв сонгосон учраас долоон сая төгрөгөөр шинэ цэцэрлэгтэй болгожээ. Нийтдээ Эрдэнэбулган суманд ийм замаар найман цэцэрлэг байгуулжээ. Бурхант Булган уулын өвөр өөд гарахдаа нар буруу тойрч очдог байсныг нар зөв эргэх бага тойрогтой болгон дунд нь цэцэрлэгт хүрээлэн байгуулан голд нь Халхын Зая бандида Лувсанпринлайн бурханлаг хөшөөг босгожээ.
УИХ-ын гишүүн Н.Батбаяр нэлээд сэтгэл нь догдолсон бололтой, өөрийнхөө хүүхэд байхад явж байсан цэцэрлэгийг зааж “Ер нь бид Цэцэрлэг хотыг Оюуны төв болгох гээд байгаа юм”- хэмээн мөрөөдлөө хэлэв. Энэчлэн Булганхангай хороолол баригдсан усан бассейн, монголын анхны спортын төрөлжсөн дотуур байртай сургууль, цэцэрлэг сургуулийн “Ирээдүй”-цогцолбор, ТОСК-ын барьсан орон сууцны гурван байр, 12 давхар сууц, “Бор шувуу”, “Хун”-зэрэг өхөөрдсөн нэртэй шинэ сууцнууд , “Шинэ Цэцэрлэг”- хорооллыг босгоход бэлэн болгосон дэд бүтэц бүхий газар доорх байгууламжтай УИХ-ын дарга, гишүүд болон дагалдан яваа албаны хүмүүс хэвлэл мэдээлэлийнхэн танилцлаа.
УИХ-ын дарга З.Энхболд “2013 онд канад байшингийн шавыг тавихаар ирэхэд энд юү ч байхгүй зэлүүд газар байсан. Тэгвэл гурван жилийн дараа ирэхэд итгэмээргүй их юм баригдсан байна”-гэж сэтгэл хангалуун хэлж байгаа харагдлаа.
УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй албаны хүмүүс Эрдэнэбулган сумын хоёр, ба гуравдугаар багийн зургаа ба 11 дүгээр цэцэрлэгээр орж ажил үйлстэй нь танилцлаа . Зургадугаар цэцэрлэг нь өнгөрсөн онд Цэцэрлэг хотын төвд шинээр баригдсан зургаан цэцэрлэгийн нэг бөгөөд олон давхар орон сууцны нэгдүгээр давхард байдгаараа онцлог. Хүрэлцэн ирсэн зочиддоо хөөрхөн булбарай хүүхдүүд сайхан сэтгэлтэй зөв хүн болно, бид гэж нэгэн зэрэг цоглог дуугаар хэлж угтлаа.
Аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ “Орон сууцны нэгдүгээр давхард хүүхдийн цэцэрлэг байх нь олон талын ач холбогдолтой. Хүүхэд даарахгүй, эцэг эхчүүд ажилдаа явахдаа ирэхдээ хүүхдээ чирэгдэлгүйгээр өгөөд авна. Ажилтай оройдсон үед санаа зовох зүйлгүй. Цэцэрлэгийн багш нь хүлээгээд байж байна. Нэг цаг хүлээхэд таван мянган төгрөг асран хамгаалагчаас гарна”- гэж танилцууллаа. 11 дүгээр цэцэрлэгийн хувьд домогт Цогт уулын хормойд гэр хорооллын дунд байдгаараа өвөрмөц. Цэцэрлэгийн багш нар нь “Манай цэцэрлэгт голдуу малчдын хүүхдүүд байдаг. Хашаа гэр манай багт байдаг ч эцэг эхчүүд нь өөрсдөө хөдөө малтайгаа байдаг. Өвөө эмээ эсвэл том болсон ах эгч нартайгаа байдаг”- гэж хэллээ. Дээрх хоёр цэцэрлэгийн төсөөтэй тал нь гэвэл хоёулаа хүүхдийн гэр оронд маш ойрхон, ялгаатай нь гэвэл халуун хүйтэн устай тохилог сууцанд даарч хөрөхгүй байгаа охид хөвгүүдийн царай зүс, эцэг эхээсээ хол, өөрөөр хэлбэл, эцэг эх нь хөдөө хэдэн малтайгаа зав чөлөөгүй байгаа гэр хорооллын хүүхдүүдийн төрх үнэхээр ялгаатай харагдсан. Энэ зуур УИХ-ын гишүүн Н.Батбаярт ноднин жил хөдөөгийн нэгэн өвгөн хандаж, “За хүү минь хүүхдийг заавал цэцэрлэгт оруулж байж сургуульд оруулахгүй бол хэцүү юм”- хэмээн хэлсэн тухай яриа өрнөсөн юм.
Өнөөдөр Цэцэрлэг хот энэ байшингийн утаа шиг утаан дунд байна. Энэхүү асуудлыг хөндөхөд, УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Ирэх жил гэхэд, Цэцэрлэг хотыг усан байгууламж бүхий утаагүй хот болгоно”-гэж шуудхан хэлээд авна билээ. Дашрамд дурьдахад, 2016 ондоо Цэцэрлэг хотын өмнөх дүүргийн хуучнаар барилгын материалын үйлдвэр байсан газарт барилгын эко инженерийн цэргийн анги, түүнээс урагш зэргэлдээ дулааны цахилгаан станц, “Булган хангай”-хороололд канад хийцийн 44 айлын жижиг сууц баригдахаар бүх бэлтгэл нь хангагдсан тухай албаны эх сурвал мэдээллээ.
Архангай аймаг. Л.Булган