“Ай Ти Эм” Монголиа олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд 250 гаруй байгууллага оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-03-23 16:59:22

БОНХАЖЯ, Монголын аялал жуулчлалын холбооноос “Ай Ти Эм” Монголиа олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг 17 дахь жилдээ энэ сарын 25-27-ны хооронд зохион байгуулна.

Албан ёсны түнш аймгаар энэ жил жуулчдыг татах чиглэлээр томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийсэн, зорин очих жуулчдын тоо өсөн нэмэгдэж буй Дорноговь аймаг бизнес эрхлэгчид, урлаг соёлын томоохон бүрэлдэхүүнтэй оролцох юм.

Үзэсгэлэнд тур оператор компани, зочид буудал, жуулчны бааз, гэст хаус, их дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллага, гадаадын төсөл хөтөлбөр, жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэгч авиа компани, урлаг соёлын байгууллага, аялал жуулчлалын дагалдах бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид зэрэг нийт 250 гаруй байгууллага, бизнес эрхлэгч оролцож үйл ажиллагаагаа сурталчлах юм. Мөн БНХАУ-аас 100 гаруй, ОХУ-ын Байгаль нуурын бүс орчмын Эрхүү муж, Буриад улсын 30 гаруй төрийн төлөөлөгч, аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээс гадна Өвөрмонголын Одон Телевизийн сурвалжлах баг ажиллах юм.

Жилээс жилд оролцогчдын тоо нэмэгдэж байгаа зэргийг харгалзан өнгөрсөн жилийнхээс 2 дахин том талбай буюу Мишээл Барилгын их дэлгүүрийн үзэсгэлэнгийн шинэ танхимд зохион байгуулах гэж байна.

Гурав хоног үргэлжлэх тус үзэсгэлэнгийн эхний өдөр нийтэд хаалттайгаар зөвхөн оролцох хүмүүс мандаттай оролцоно. Энэ үеэр гурван улсын төлөөлөл аялал жуулчлалын чиглэлээр хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, бүтээгдэхүүн солилцооны талаар хэлэлцүүлэг зохион байгуулахаас гадна, бизнес уулзалт, гэрээ хэлэлцээр баталгаажуулах B to B өдөрлөг болно. Сүүлийн 2 өдөр буюу амралтын өдрүүдэд үзэсгэлэн үнэ төлбөргүй, нийтэд нээлттэй. Үзэсгэлэнгийн сүүлийн өдөр Аялал жуулчлалын хөдөлмөрийн биржийг зохион байгуулах юм.

Үзэсгэлэнг хамтран зохион байгуулагчаар БОНХАЖЯ, Түнш аймгаар Дорноговь аймаг, ивээн тэтгэгчээр Монголын Иргэний агаарын тээврийн МИАТ ХК, Дэмжигч байгууллагаар МҮХАҮТ, Дэлхийн аялал жуулчлалын дэргэдэх олон улсын Торгоны Зам төсөл, Хэвлэлийн ивээн тэтгэгчээр Хөх Монгол Принтинг, Мэдээллийн ивээн тэтгэгчээр Алтангадас аяллын сэтгүүл оролцож байна.

Өнгөрсөн жил тус үзэсгэлэнд үндэсний 150 гаруй аж ахуйн нэгж оролцож, 8000 гаруй зочид төлөөлөгч, худалдан авагч, сонирхогчдод бараа бүтээгдэхүүнээ сурталчилсан юм. Мөн зохион байгуулагчдын зүгээс 2013 оноос үзэсгэлэнгийн албан ёсны түнш аймгийг шалгаруулж, хамтран зохион байгуулж ирсэн уламжлалтай. Өмнөх жилүүдэд Өвөрхангай, Өмнөговь, Архангай аймаг түншээр оролцож, орон нутгаа давуу эрхтэйгээр сурталчилжээ.

Ж.Болор

 

 

Холбоотой мэдээ