Уул уурхайд гүний цэнгэг ус ашиглахыг хориглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-04-19 17:54:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.


Монгол Улсын хэмжээнд газрын доорх усны нөөцийн тархалт жигд бус, чанар, найрлага нь байгалийн бүс, бүслүүр, ус агуулах чулуулгийн тогтоц, найрлагаас хамаарч өөр өөр байна. Гадаргын усны нөөцийн 70 хувь нь Алтай, Хангай, Хэнтийн нуруу, Хөвсгөлийн уулс, Их Хянганы нуруу зэрэг уул нуруудын өндөрлөг хэсэгт байдаг.  Манай орны нийт ус ашиглалт, хэрэглээний хэмжээ жилд 500 сая шоометр бөгөөд хүн амын өсөлт, нийгэм, эдийн засгийн хөгжилтэй уялдан жилээс жилд өсч байна. Тиймээс ус ашиглах эрхийн эрэмбийг тогтоож, тэргүүн ээлжинд хүн амын унд, ахуйн хэрэглээг хангах заалт оруулжээ. Үүний дараа хөдөө аж ахуй, үйлдвэрлэлд ашиглах юм. Монгол Улсад усны нөөцийн хомсдол болон түүний түвшинг тогтоох нэгдсэн аргачлал байхгүйн улмаас аж ахуйн нэгжүүдийн усны нөөцийн хавтгайрсан хэрэглээ бий болжээ. Иймд усны хомсдолоос сэргийлэх, гол ус ширгээх, хомсдол бий болгох алхам хийсэн хуулийн этгээдэд захиргааны болон эрүүгийн хариуцлага тооцдог байхаар тусгасныг хууль санаачлагч УИХ-ын гишүүн Л.Энхболд танилцуулав.


Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар газрын гүний усны ашиглалтыг хязгаарлах заалт орсон эсэхийг тодруулав. Мөн гүний ус ашигладаг хэдэн аж ахуйн нэгж байгааг асуулаа. Монгол Улсын хэмжээнд газрын гүний цэнгэг усны 206 орд байдаг бөгөөд энэ нь усны нөөцийн 1.9 хувийг эзэлдэг үзүүлэлт юм. Одоогоор газрын гүний усыг уул уурхайн чиглэлийн 10 гаруй орд ашигладаг байна. Тиймээс газрын гүний усыг уул уурхайд ашиглахыг хориглох заалт оруулсныг УИХ-ын гишүүн Л.Энхболд онцлов.


Томоохон гол, мөрнүүдийг түшиглэн хиймэл нуур, цөөрөм байгуулах боломж байгаа эсэх, томоохон гол, нууруудын экологийн тэнцвэрт байдлыг хамгаалахад ямар ажил өрнүүлж байгааг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр тодрууллаа. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, “Хилийн ойр орчмын усыг хамгаалах чиглэлээр хоёр хөрш оронтой гэрээ байгуулсан. Түүнчлэн Засгийн газраас усны асуудал хариуцсан агентлаг байгуулж, бодлогоо нэгтгэхээр төлөвлөж байгаа. Хиймэл, нуур цөөрөм байгуулах “Хөх морь” төсөл боловсруулж, гурван газарт байгуулахаар ТЭЗҮ боловсруулж байна” хэмээв.


Ийнхүү чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөж, ирэх долоо хоногт дээрх хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр тогтлоо. 

Холбоотой мэдээ