“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн талаар олон улсын сэтгүүлд нийтэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2019-04-19 12:30:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад хэрэгжиж байгаа “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн тархвар судлаач Линн Ви Ли, гепатитийн асуудлаарх хамтын ажиллагааны төвийн тархвар судлаач Николь Ромаро нар 2019 оны дөрөвдүгээр сарын 11-18-нд Улаанбаатар хотод ажиллалаа.


Тэд ЭМЯ, ДЭМБ, ЭМДЕГ, ЭМХТ, ХӨСҮТ, ХСҮТ, АШУИС зэрэг байгууллагын “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт ажиллаж байгаа Ажлын хэсгийн гишүүд, бусад мэргэжилтнүүдтэй уулзаж, Монгол Улсын хэмжээнд гепатитийн В, С вирусын илрүүлэг, шинжилгээнд хамрагдалтын цахим сангийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, эмчилгээний каскадыг гаргахад мэргэжил арга зүйгээр зөвлөжээ.


Цаашид “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн үйл ажиллагааг хэрхэн боловсронгуй болгох, олон улсын сэтгүүлд уг хөтөлбөрийн үйл ажиллагааны тухай нийтлэл бичиж хэвлүүлэх асуудлаар зөвлөмж өгчээ. Мөн ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн мэргэжилтнүүд ЭМЯ, ХӨСҮТ болон АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвтэй хамтран хэрэгжүүлж байгаа “Цочмог гепатитийн С вирусын халдвар дамжих эрсдэлт хүчин зүйлс”-ийн судалгааны ажлын явцтай танилцаж, санал солилцсон байна.

 

Холбоотой мэдээ