Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-19 11:34:20
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн өргөн мэдүүлсэн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг 65.0 хувийн саналаар дэмжлээ.

 

УИХ Нотариатын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2011 онд баталжээ. Улмаар 2012 онд батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд нотариатын үйл ажиллагаа хамаарахгүй байхаар хуульчилсан бөгөөд энэхүү зохицуулалт нь нотариатчид тавигдах шаардлагыг тодорхойгүй болгож, улмаар хуулийн хийдэл үүсгэсэн байна. Түүнчлэн Нотариатын тухай хуулийг эрх зүйн салбарын хөгжил, шинээр батлагдан гарч байгаа бусад хууль тогтоомжтой уялдуулах шаардлагатай тул уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан байна.

 

Нотариатч нар бүгд хуульч байх шаардлага тавих, Нотариатын үйлчилгээг цахимжуулах, шинэ төрлийн нотариатын үйлдэл бий болгох шаардлагатай. Нотариатч нарын давтан сургалтын асуудалд онцгой анхаарал хандуулж байхыг хуулийн төсөлд тусгасныг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцуулав.

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, энэхүү хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлээд, нотариатч төрийн сонгуульт ажилд томилогдвол таван жил хүртэлх хугацаагаар эрхийг түдгэлзүүлэх, 65 хүртэлх насны хязгаартай байх зохицуулалтын талаар тодруулав. Мөн нэг тойргийн хоёр нотариатч хамтран ажиллах, энэ оны 12 сар гэхэд нотариатч хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн байхаар тусгасан тул шалгалт өгөх хугацааг сунгах боломж бий эсэхийг асуув.


Мөн зарим гишүүдээс нотариатчийн үйл ажиллагааг  НӨАТ-ын тухай хуулиас хасах болсон шалтгааныг илүүтэй тодруулав. 


Ажлын хэсэг, “Нотариатын үйлчилгээ үзүүлэгч нь өөрийгөө санхүүжүүлдэг. Тодорхой байр түрээслэх шаардлага тулгарч байгаа нь санхүүгийн хүндрэл үүсгэдэг. Тиймээс нэг тойрогт байгаа хоёр нотариатч хамтран үйлчилгээ үзүүлэх боломжийг хуулинд тусгасан. Эрх зүйн зөрчил гаргасан нотариатын үйлчилгээг судлахад, нотариатч өөрөө биечлэн хийгээгүй, туслахаараа гүйцэтгүүлсэн байдаг. Нотариатын үйлчилгээ нь бусдын эд хөрөнгөтэй холбоотой зүйлийг гэрчлэх хариуцлагатай ажил тул хуучин байдлаар нь буюу нотариатч хуульч байх шаардлагыг тавьсан.  Хуульчийн сонгон шалгаруулалтын шалгалт өгөх хугацааг ирэх оны 12 дугаар сар хүртэл сунгах боломж бий. Зарим нотариатчид сонгуульт ажил эрхлээд, нотариатын үйлчилгээний тусгай зөвшөөрлөө хадгалчихдаг. Энэ тохиолдолд дараагийн нотариатчид боломж олгодог байхаар хугацаа зааж өгсөн. Мөн нотариатын үйл ажиллагаа нь ашиг олох зорилготой бус төрийн зарим чиг үүргийг түүний нэрийн өмнөөс хэрэгжүүлж байгаа учир Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиас нотариатын үйлчилгээг хасахаар тусгасан. Өөрөөр хэлбэл, нотариатч НӨАТ-ын баримт төлөхгүй, төлбөрийн баримт өгнө гэж байв.

Холбоотой мэдээ