Шинэчилсэн “Boeing 737 MAX”-ийг сүүлийн удаа туршжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2019-04-18 12:55:30

ВАШИНГТОН. /TASS/. Шинэчлэгдсэн програм хангамжтай “Boeing 737 MAX” загварын нисэх онгоцуудын хамгийн сүүлийн техникийн туршилтыг лхагва гаригт хийжээ. 


“Бид техникийн албан ёсны туршилтыг хийж дууслаа. Туршилтын үеэр манай компанийн техникийн болон төслийн удирдагчид нисэх онгоцны бүхээгт байлцаж, хяналт тавьсан. Энэ бол гэрчилгээ олгохын өмнөх сүүлийн туршилтын нислэг байлаа” гэж “Boeing" компанийн ерөнхий захирал Деннис Меленберг “Twitter” хуудсандаа дүрс бичлэгээр мэдэгдсэн байна.


Шинэчлэгдсэн “Boeing 737 MAX” загварын нисэх онгоцуудаар нисэгч нар "МСАS" /Maneuvering Characteristics Augmentation System/ буюу “Маневр гүйцэтгэх үзүүлэлтүүдийг сайжруулах систем”-ийн шинэчилсэн хувилбарыг ашиглан нийтдээ 203 гаруй цагийн 120 туршилтын нислэг үйлдсэн гэж тэрбээр мэдээлжээ. Этиопт болсон  "Boeing 737 MAX 8" онгоцны ослын шалтгаан нь шинэ загварын уг онгоцонд суурилуулсан "MCAS" системд гарсан алдаанаас үүдэлтэй байж магадгүй гэж таамаглаж байгаа билээ.


“737 MAX” загварын нисэх онгоцуудыг нийлүүлэхээ түр зогсоож буйгаа “Boeing" компанийн төлөөлөгчид гуравдугаар сард мэдэгдсэн бол энэ загварын нисэх онгоцуудын үйлдвэрлэлийн хэмжээг бууруулна гэдгээ дөрөвдүгээр сарын дундуур мэдээлжээ.


АНУ-ын агаарын орон зайд “Boeing 737 MAX”-ийн нислэгийг зогсоох шийдвэр гарсны дараа “Boeing" компани ийм арга хэмжээ авсан юм. “737 MAX” загварын хоёр нисэх онгоц осолдохын өмнө “MCAS” системд алдаа гарсан гэдгийг Меленберг энэ сарын эхээр хүлээн зөвшөөрчээ.


Холбоотой мэдээ