Болзолт уралдааны Зохион байгуулах хорооны анхдугаар хуралдаан болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-04-18 11:13:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр /2019.04.17/ Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/, Монголын үндэсний олимпын академи /МҮОА/-иас хамтран "Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил" сэдэвт болзолт уралдааныг Зохион байгуулах хороо хуралдлаа.


Энэхүү болзолт уралдааныг Монгол Улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн дунд зохион байгуулах юм. ЗБХ-ны анхдугаар хурал МҮОХ-ны хурлын танхимд болсон бөгөөд хурлаар гишүүд ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн, санал бодлоо солилцжээ.


"Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил" сэдэвт болзолт уралдааныг зохион байгуулснаар өсвөр үеийнхэнд олимпын соёл, түүх, үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх, олимпын боловсрол ба хүмүүжлийг эзэмшүүлэхийн зэрэгцээ бие бялдрын өв тэгш хөгжлийг хангах, авьяас, чадварыг нь нээн илрүүлэх чухал ач холбогдолтой. Мөн олимпийн зөвлөл, олимпийн танхимуудын үйл ажиллагааг боловсронгуй болгох, биеийн тамирын багш нарын бүтээлч идэвх, санаачилга болон хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилготой юм.


Анхдугаар хурлаар болзолт уралдааны зохион байгуулахдаа Биеийн тамир, спортын дээд сургуулиуд, төрийн байгууллагууд, спорт холбоод, телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж, хүүхэд багачууд, оюутан залуус, олон нийтийг түлхүү хамруулж ажиллахыг онцолсон байна.

Холбоотой мэдээ