Израилын Засгийн газрыг байгуулах үүргийг Биньямин Нетаньяху хүлээлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТЕЛЬ-АВИВ. /TASS/. Израил улсын Ерөнхийлөгч Реувен Ривлин дөрөвдүгээр сарын 9-нд болсон парламентын сонгуулийн дараа эвслийн Засгийн газар байгуулах үүргийг “Ликуд” намын дарга бөгөөд Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуд өгчээ.
Иерусалим хот дахь ерөнхийлөгчийн ордонд болсон ёслолыг Израилын улсын телевиз, радиогийн "Kan" компани шууд дамжуулсан байна.
Реувен Ривлин парламентад суудал авсан намуудын удирдагчид, төлөөлөгчидтэй уулзаж, зөвлөлджээ. Үүний дараа тэрбээр сайд нарын танхимыг эмхлэн байгуулахыг Биньямин Нетаньяхуд үүрэг болгох тухай зарлигт гарын үсэг зурсан байна. Одоо Нетаньяху хуулийн дагуу 42 хоногийн дотор эвслийн Засгийн газрыг байгуулах ёстой юм. Тэрбээр 2009 оноос хойш дөрөв дэх жилдээ сайд нарын танхимыг бүрдүүлж байна.
Израилын Сонгуулийн төв хорооны дарга Ханан Мельцер парламентын сонгуулийн албан ёсны дүнг дөрөвдүгээр сарын 17-нд Ерөнхийлөгчид танилцуулсан байна. Тус улсын Ерөнхийлөгч парламентад суудал авсан 11 намын төлөөлөгчидтэй дөрөвдүгээр 15, 16-нд уулзжээ.
Хуулийн дагуу Ерөнхий сайдын албан тушаалд парламентад олонхын суудал авсан намын дарга нэр дэвших боловч сайд нарын танхимыг бүрдүүлэх үүргийг тус улсын Ерөнхийлөгч нам нь олонхын санал аваагүй боловч тогтвортой эвсэл байгуулах чадвартай улстөрчид өгч болдог аж.