Ф.Могерини: ЕХ-ны компаниудын ашиг сонирхлыг хамгаална

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-17 11:37:12

ЛОНДОН. /Reuters/. АНУ Куба улсын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах бодолтой байгаагийнх нь хариуд компаниудынхаа ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа Европын Холбоо АНУ-д анхааруулжээ.


Энэ тухай Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд комиссар Федерика Могерини болон Худалдааны асуудал эрхэлсэн Европын комиссар Сесилия Мальмстрем нарын энэ сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеод илгээсэн захидалд дурджээ.


Албан эх сурвалжийн мэдээлснээр, Куба, Венесуэл, Никарагуа улсын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах тухайгаа АНУ зарлах бодолтой байгаа аж. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргаа Куба улсад бизнес эрхэлж буй гадаадын компаниудын эсрэг шүүхэд гомдол гаргахыг зөвшөөрөх бодолтой байгаа аж.


Ф.Могерини, С.Мальмстрем нар захидалдаа, АНУ болон Европын холбооны 1998 онд байгуулсан хэлэлцээрийг дагаж мөрдөхийг М.Помпеогоос шаарджээ. Хэлэлцээрт Европын компаниудын халдашгүй байдлыг тусгасан байдаг аж.


“Хэлэлцээрийг дагаж мөрдөхгүй бол ЕХ ашиг сонирхлоо хамгаалахын тулд олон улсын бусад түнштэйгээ хамтран ажиллах гэх мэтээр бүхий л арга хэрэгслээ ашиглах шаардлагатай болно” хэмээн тус захидалд дурдсан байна.


Америкийн шүүхээс гаргасан шийдвэрийн үр дүнд учирч болзошгүй хохирлыг нөхөн төлүүлэх тухай сөрөг гомдлыг Европын компаниуд Еропын Холбооны гишүүн орнуудын шүүхэд гаргаж магадгүй болохыг тус холбооны төлөөлөгчид М.Помпеод анхааруулжээ.

 

Холбоотой мэдээ