Орон нутгийн удирдлагууд 1А хорооллын нөхцөл байдалтай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-04-16 12:55:48
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн хамт ажил нь саатаад буй “1А” хорооллын нөхцөл байдалтай танилцлаа.

2013 онд тус бүр нь хоёр орцтой есөн давхар гурван барилгыг эхлүүлсэн ч инженерийн дэд бүтцийг барьж байгуулаагүйн улмаас ажил нь зогссон. Уг хорооллын гадна инженерийн шугам сүлжээний зардалд 7 тэрбум төгрөг хэрэгтэй. Энэ асуудал шийдэгдчихвэл 1230 айлын орон сууц, мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн хөрөнгөөр барьж буй бөхийн өргөөний барилгын ажил эхлэх юм. Аймаг, орон нутгийн удирдлагууд дээрх 7 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгахаар холбогдох яам, тамгын газарт удаа дараа хүсэлт хүргүүлсэн боловч тодорхой шийдвэр гараагүй тул аймгийн Засаг дарга болон Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал нар хамтран дээрх хорооллын инженерийн шугам сүлжээг барьж байгуулах гарцыг хайхаар боллоо.

Тэд мөн Цагаанчулуут багт барьж буй Цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын явцтай танилцлаа. Энэхүү бүтээн байгуулалтад өнгөрсөн онд нийт 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээс 1.6 тэрбум нь “Эрдэнэт үйлдвэр”-ээс оруулсан хөрөнгө юм. Энэ онд тус үйлдвэр Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтад хоёр тэрбум төгрөг зарцуулахаар боллоо.

 

Холбоотой мэдээ