Христийн хоёр сүмийн үйл ажиллагааг зөвшөөрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-03-23 10:02:28

Дундговь аймгийн төвд христэд итгэгчдийн хоёр сүм аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Анхны христын сүм арав жилийн өмнө үйл ажиллагаагаа эхэлж байсан ч ИТХ- аас зөвшөөрөл өгөөгүй явж ирсэн байдаг. 2012 оны сонгуулиар бүрдсэн ИТХ- ын тэргүүлэгчдийн хувьд иргэдийн шүтэн бишрэх эрхийг нь хангах нь зүйтэй гэж үзэн сүм, хийд байгуулах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгохыг дэмжин ийнхүү зөвшөөрсөн байна. Анхны зөвшөөрлийг 2013 онд “Говийн гэрэл” сүмд, удаахийг 2014 онд “Дундговь Баптист” сүмд олгосон ажээ.

Өнгөрөгч оны долдугаар сард ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор Дундговь аймгийн нутаг дэвсгэрт шашны байгууллага байгуулах, үйл ажиллагаа явуулахад нь зөвшөөрөл олгох, хугацааг сунгах тухай журмыг баталсан бөгөөд энэ журмын дагуу дээрх хоёр сүмийн үйл ажиллагааг энэ онд дахин нэг жилээр сунгасан байна.

Энэхүү журмаар шашны байгууллагууд тухайн жилд хийсэн үйл ажиллагаагаа ИТХ-ын тэргүүлэгчдэд тайлагнах бөгөөд шүтэн бишрэгч, итгэгчдийнхээ дунд зохион байгуулсан ажлынхаа гол агуулга, чиглэл, шашны номлолын үндсэн үзэл санаа, үйл ажиллагааны зарчим, гадаад харилцаа, сүмийн ахлагч, гишүүдийн бүртгэл, байгууллагыг үүсгэн байгуулагчийн талаархи тодорхой мэдээлэл, байгууллагын дүрэм, үйл ажиллагааны санхүүжилт зэргийг тодорхой танилцуулж байх үүрэгтэй ажээ. Эл журмыг Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд нийцүүлэн гаргасан юм байна.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ