Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төслөөр завсарлага авав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авав.
Монгол Улсад сүүлийн жилүүдэд хотжилт, үйлдвэржилттэй холбоотой хүний үйл
ажиллагааны нөлөөгөөр усны чанар доройтож, экосистемд сөрөг нөлөөлөл үзүүлэх
болсон. Тухайлбал, Улаанбаатар хотын үйлдвэрүүдийн хаягдал, Төв цэвэрлэх
байгууламжийн ачааллаас үүдэн Туул гол ихээхэн бохирдоод буй юм.
Тиймээс ус бохирдуулсны төлбөр авах зохицуулалтыг хуулийн төсөлд тодорхой
тусгажээ. Хуулийг хэрэгжүүлснээр ус бохирдуулсан аж ахуйн нэгжүүдээс 1 тэрбум,
нөхөн төлбөрөөс 2.8 тэрбум төгрөгийн төлбөр авах боломжтой хэмээн Засгийн газар
үзжээ. Мөн уг төлбөрийн 50-иас доошгүй хувийг цэвэрлэх байгууламжийн шинэчлэл,
засвар үйлчилгээнд зарцуулахаар хуулийн төсөлд тусгасан байна.
УИХ-ын чуулганы 2018 оны зургадугаар
сарын 29-нөөс хуулийн төслийг анхлан хэлэлцүүлж эхэлсэн. Тухайн үед УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан юм.
Ийнхүү уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг өнөөдрийг хүртэл хойшлоод байсан
юм.
Өнөөдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт “Хуулийн төслийн үзэл баримтлалд ус
бохирдуулсны төлбөрийн 50-60 хувиар бууруулахаар заасан байна. Мөн 300
толгойгоос дээш бэлчээрийн малтай малчин өрх, 1 га талбайгаас их хэмжээний
газар тариалангийн аж ахуйгаас төлбөр авна хэмээн заасан. Энэ бол хариуцлагагүй
уул уурхайг дэмжиж, дутуугаа малчин, тариаланчдаас татвар авах оролдлого.
Тиймээс энэ хуулийн төслийг батлах ёсгүй” хэмээв. Түүний саналыг Д.Ганболд,
Б.Бат-Эрдэнэ нарын гишүүн дэмжиж буйгаа илэрхийллээ.
Мөн УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн энэхүү хуулийн төслийг МАН-ын бүлгийн
хуралдаанаар дахин хэлэлцэх шаардлагатай хэмээн завсарлага авах хүсэлт гаргасан юм. Ийнхүү
өнөөдрийн чуулган өндөрлөв.