Хуурамч тамга, бичиг баримт бүрдүүлж бусдыг залилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-12 09:58:40
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Албан байгууллага, ААН-ийн тамга, тэмдгийг хуурамчаар үйлдэн бусдыг залилдаг бүлэг этгээдийг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид өчигдөр илрүүлжээ.


Тодруулбал, Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байр түрээслэн оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн “Н” нь бусадтай бүлэглэн арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага болон томоохон аж ахуйн нэгжүүдэд хуурамч баримт бичиг бүрдүүлж өгөх замаар залилж, их хэмжээний хохирол учруулжээ. Түүнчлэн мөнгө угаасан байж болзошгүй үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.


Мөрдөн шалгах ажиллагааны явцад байгууллагын бичиг баримт, тамга, тэмдгээс гадна үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, ТҮЦ машины лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, арилжааны банкны дансны хуулга, цалин орлогыг нотлох баримт зэргийг хуурамчаар үйлдсэн болохыг урьдчилсан байдаар тогтоожээ.


Иймд арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж бусдад зээл олгох, үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа бичиг баримтыг сайтар шалгах, улсын бүртгэлийн байгууллагын лавлагааг биечлэн авж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллага анхаарууллаа.

Холбоотой мэдээ