УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.17 цагт 49 гишүүний ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар нийт 11 асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд, Олон улсын парламентын холбооноос 2017 онд ирсэн зөвлөмжийн дагуу Түр хороо байгуулахыг чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад нэмж, шийдвэрлэх санал гаргав. Тэрбээр, “Олон улсын парламентын холбооноос өнөө жил ажлын баг ирнэ гэж бодож байна. Тус холбооноос манай парламентад өгсөн зөвлөмжид, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг хянаж ажиллах Түр хороо байгуулахыг шаардсан. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэж, Олон улсын парламентын ажлын багт хариу өгөх хэрэгтэй байна” гэв.
Саналыг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж дэмжиж, Түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах, эсэх санал хураалт явуулахыг хүсэв. Тэрбээр, “Олон улсын парламентын зөвлөмжид, гурван шатны шүүхээр таслагдсан С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй хүмүүс хэлмэгдсэн байж болзошгүй гэж үзээд, шүүх хуралдааныг дахин нээлттэй, ил тод хэлэлцэхийг удаа дараа шаардсан. Гэтэл манай парламент хайхрамжгүй хандаж болохгүй. Тиймээс энэ Түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэхийг ХЗДХ-ийн сайдын хувиар хүсэж байна” гэлээ.
Ийнхүү санал хураахад, 100 хувийн саналаар Түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахыг дэмжив.
Мөн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь Ардчилсан намын бүлэг албан ёсоор тарсан тухай мэдэгдлийг уншиж танилцуулав.