Нэмэлт протоколыг соёрхон батлах хуулийн төслийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-10 19:00:50
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас ноднин 12 дугаар сард өргөн мэдүүлсэн Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар гишүүдийн 60 хувь нь дэмжлээ.


Дэлхийн шуудан холбоо /ДШХ/ нь дөрвөн жилд нэг удаа хуралдаж, холбооны дүрэмд оруулах шаардлагатай нэмэлт, өөрчлөлтүүдийг хэлэлцэн баталдаг. Уг өөрчлөлтийг гишүүн орнууд дотооддоо хууль болгож батламжилдаг байна.Тус холбоонд дэлхийн 192 орон гишүүнээр нэгдээд байгаа бөгөөд манай улс 1963 онд элсэж байжээ.


ДШХ-ны Бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит 26 дугаар их хурал 2016 оны 9 дүгээр сард Туркийн Истанбул хотноо хуралдаж, холбогдох баримт бичгүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь дүрмийн есдүгээр нэмэлт протокол юм. Иймээс Олон улсын гэрээний тухай хуульд заасны дагуу ДШХ-ны дүрмийн 9 дүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулсан талаар хуулийн төсөл санаачлагч Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулав.



Манай улс тус холбоонд элссэнээс хойшхи хугацаанд хүлээсэн үүргээ тасралтгүй биелүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бүс нутгийн болон олон улсын түвшинд зохиогддог үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн. Тухайлбал, тус холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр 2003 оноос “Олон талт" төслийг хэрэгжүүлсний зэрэгцээ Шуудангийн тухай хуулийн төслийг боловсруулах, салбарын боловсон хүчнийг сургах, чадавхижуулах зорилгоор Дэлхийн шуудан холбооны зөвлөх мэргэжилтнүүдийг урьж ажиллуулсан. Мөн тус холбооны зардлаар олон улсын хурал, зөвлөгөөн, богино хугацааны сургалт, семинарт дотоодын мэргэжилтнүүдээ хамруулдаг болсныг төсөл санаачлагч дурдав.


Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, А.Ундраа нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан бөгөөд хуулийн төслийг соёрхон батлахтай холбогдуулж гишүүдээс санал гарсангүй.


Дэлхийн шуудан холбоо нь олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тааламжтай нөхцөл бий болгох үүднээс шуудангийн салбарын үйл ажиллагааг зохион байгуулах, боловсронгуй болгон хөгжүүлэх, шуудангийн салбарт техникийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий НҮБ-ын төрөлжсөн агентлаг юм. 


Монгол Улс анх 1964 онд Австрийн Вена хотноо болсон их хурлаас хэлэлцэн баталсан ДШХ-ны дүрмийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсныг 1968 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар соёрхон баталжээ. Улмаар 2003 онд уг дүрмийн 3, 4, 5, 6 дугаар нэмэлт протоколыг, 2006 онд 7 дугаар нэмэлт протоколыг, 2011 онд 8 дугаар нэмэлт протоколыг УИХ-аас тус тус соёрхон баталсан байна.

Холбоотой мэдээ