Г.Түвшинжаргалыг саатуулан шалгаж байгаад хууль зөрчсөн нэг ч үйлдэл байхгүй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-03-22 16:57:43

Сүүлийн үед олны анхаарлын төвд ороод байгаа Сайншандын Аж үйлдвэрийн цогцолбортой холбоотой хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү өнөөдөр мэдээлэл хийв.

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Сайншанд Аж үйлдвэрийн цогцолбортой холбогдох мөнгө угаах, залилан мэхлэх гэмт хэрэгт УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргалыг холбогдуулан шалгаж байгаа. Түүнийг Эрүүгийн хуулийн 148 зүйлийн 4-т зааснаар буюу “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр буруутгаж, энэ сарын 16-наас ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм. Улмаар энэ сарын 18-нд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгчийн захирамжаар Г.Түвшинжаргалыг саатуулах хугацааг 14 хоногоор сунгасан.   

Г.Түвшинжаргал нь ой дөрвөн сартай хөхүүл хүүхэдтэй тул түүнийг суллахыг шаардаж УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ЦЕГ-ын дарга Р.Чингист, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарт хандаад байгаа юм.

Харин ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Г.Түвшинжаргалыг саатуулан шалгаж байгаад ямар ч хууль зөрчсөн зүйл байхгүй. Бүх үйл ажиллагаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу явагдсан. Цагдаагийн байгууллага үндэслэлгүйгээр хэн нэгнийг дур зоргоороо барьж хорьдог ямар ч эрх мэдэл  байхгүй. Гэрт нь нэгжлэг хийхэд ч прокурорын зөвшөөрлөөр, хөндлөнгийн гэрчийг байлцуулан хийсэн.   

Түүнийг хорьсонтой холбоотой зарим улстөрчдийн зүгээс эсэргүүцэж, хөхүүл хүүхэдтэй хүнийг хорилоо гэх шүүмжилж байгаа. Ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй байна гэж ярьж байгаа. Ар гэртэй нь уулзуулах хүсэлтийг өмгөөлөгч нь өчигдөр буюу энэ сарын 21-нд гаргасан. Өмнө нь гаргаагүй байсан. Хүсэлтийг хуулийн дагуу 5 хоногийн дотор шийдвэрлэх ёстойгоор нэг хоногийн дотор шийдвэрлэж, өнөөдөр зөвшөөрөл олгож, хүүхэдтэй нь уулзуулсан” гэж хариулав.

Тэрбээр мөн “Гадуур хоёр өөр хэргийг хооронд нь хольсон буруу ташаа мэдээлэл их гарч байна. Шинэ төмөр замын төсөлтэй холбоотой хэргийг анх цагдаагийн байгууллагаас шалгаж эхлээд, шалгалтын явцад Улсын дээд шүүхээс харьяалал тогтоон АТГ-т шилжүүлсэн. Одоо АТГ болон Цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг энэ хэргийг шалгаж байгаа. “Энержи ресурс рейл” компанийн захирал О-г цагдаагийн байгууллагаас саатуулж мэдүүлгийн зөрүүг арилгасны дараа батлан даах, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Тиймээс АТГ-аас О-г саатуулахад Цагдаагийн байгууллага сулласан гэж яриад байгаа нь ташаа мэдээлэл юм.

Сүүлийн үед яригдаад байгаа хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүдийг барьж хорилоо гээд байгаа нь Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс дангаараа шалгаж байгаа Сайншанд Аж үйлдвэрийн цогцолбортой холбоотой тусдаа  хэрэг юм. Уг хэрэгт холбогдуулан Э гэгчийг хотоос гарч явах үед нь түр саатуулж, сэжигтнээр тооцон байцаалт авсан. Тухайн үед Э нь бага насны хүүхэдтэйгээ хамт явж байсан учир сэжигтнээр тооцон байцаалт аваад батлан даалтад гаргасан. Үргэлжлүүлэн шалгаж байгаа.

Ер нь ямар ч хэргийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэн худлаа нь баталгаагүй мэдээлэл тарааж, иргэдийг төөрөгдүүлж байгаа үйлдлийг зогсоох хэрэгтэй” гэсэн юм.

Н.Гантуяа

Холбоотой мэдээ