Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /БОХХААБХ/-ны өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын гишүүн Л.Энхболд нарын санаачилсан Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг 72.7 хувиар дэмжив.
БОХХААБХ-ны хуралдаан 11.18 цагт 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, УИХ-ын гишүүн А.Сүхбат дээрх хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг танилцуулсан юм.
Монгол Улсын нийт усны нөөцийн 1.9 хувийг газрын доорх ус эзэлж байна. Харин нийт усны хэрэглээний 80 орчим хувийг газрын доорх ус хангаж байгаа юм. Тиймээс газрын доорх усыг ашиглах, хамгаалах харилцааг зохицуулсан хууль, тогтоомж, эрх зүйн баримт бичиг хангалтгүй байгаа гэж хууль санаачлагчид үзжээ. Иймд Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн Л.Энхболд, А.Сүхбат, О.Батнасан, Б.Энх-Амгалан, Л.Мөнхбаатар нар боловсруулжээ.
Өнөөг хүртэл Монгол Улсад усны нөөцийн хомсдол болон түүний түвшинг тогтоох нэгдсэн аргачлал байхгүйн улмаас аж ахуйн нэгжүүд усны нөөцийг хамаа замбараагүй ашиглаж, үүнд улсаас тохирсон хариуцлага хүлээлгэж чадахгүй байна. Иймд дээрх хуулийн төсөлд, усны хомсдолоос сэргийлэх, оновчтой хариуцлагын механизм бий болгох заалтуудыг тусгаж, ус ашиглагч нь усны нөөцийг хомсдуулсан тохиолдолд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээдэг байхаар тусгажээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, хуулийн төслийг сайтар судалж, гарах үр нөлөөг тооцоолох шаардлагатайг хэлсэн. Тухайлбал, эрүүгийн хуулинд усны нөөц хомсдуулсан этгээдийг 2-8 жилийн ял шийтгэнэ гэж өөрчлөлт орж байгаа. Ингэснээр гол мөрний сав газар дахь барилга байгууламжуудыг барьсан хуулийн этгээд, газрын доорх гүний ус ашигладаг алтны уурхайнуудыг хэрхэх талаар нарийн судлах шаардлагатайг онцлоод, дараагийн хэлэлцүүлэгт БОАЖЯ, УУХҮЯ-ны төлөөлөл оролцох хэрэгтэй гэв.
Гүний усны ашиглалтыг хязгаарлаж, хариуцлага тооцохгүй бол уул уурхай тэргүүтэй бизнесүүд хямд, өртөг багатай гэдгээр нь гүний усыг ашиглаж байна. Хэдэн уул уурхайны эрх ашгийг бодохоос илүү Олон улсын гэрээ конвенцид нэгдсэн үүргээ ухамсарлаж, газрын доорх цэвэр усны нөөцөө хамгаалах нь зүйтэйг УИХ-ын гишүүн Л.Энхболд хэллээ.
Хуулийн төсөлд орхигдсон цооногийг сум, дүүргийн Засаг даргад улсын төсвийн хөрөнгөөр битүүмжлэх үүрэг хүлээлгэхээр тусгасан байна. Энэ нь газар доорх усны бохирдлоос хамгаалах яаралтай арга хэмжээний нэг хэлбэр бөгөөд буруутай этгээд тогтоогдсон даруйд улсын төсөвт учруулсан хохирол, нөхөн төлбөрийг заавал барагдуулж, холбогдох хариуцлагыг хүлээлгэхээр заажээ. Мөн ус ашиглах эрхийн эрэмбэ тогтоож, тэргүүн ээлжинд хүн амын унд, ахуйн хэрэглээг оруулсан байна.
Манай орны нийт ус ашиглалт, хэрэглээний хэмжээ жилдээ 500 сая.шоометр орчим байгаа ба хүн амын өсөлт, нийгэм, эдийн засгийн хөгжилтэй уялдан жилээс жилд нэмэгдэж байна. Сүүлийн 40 жилийн судалгаагаар Монгол орны усны нийт нөөц олон жилийн дунджаар жилд 608.3 сая.шоометр байгаа бөгөөд (мөнх цас, мөсөн голын усны нөөц буурснаас 564.8 сая.шоометр болсон), үүний 34.6 сая.шоометр нь гол мөрний, 500.0 сая.шоометр нь нуурын, 62.9 сая.шоометр нь (19.4 сая.шоометр болж буурсан) мөнх цас, мөсөн голын, 10.8 сая.шоометр нь газрын доорх ус байна.