Ли Көцян Европт айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-04-08 12:44:40

БЭЭЖИН. /NHK/. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян энэ долоо хоногийн даваагаас баасан гарагт Европт айлчилж, Европын Холбоо, Төв болон Зүүн Европын орнуудын удирдагчидтай уулзана.


Ли Көцян мягмар гарагт Европын Комиссын Ерөнхийлөгч Дональд Тусктай Бельги улсад уулзаж, Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журмыг шинэчлэх хийгээд олон улсын худалдааг хөгжүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай хэлэлцэх төлөвтэй байна.


Баасан гарагт тэрбээр Төв болон Зүүн Европын 16 орны удирдагчидтай Хорват улсад уулзах ажээ. Тэрбээр худалдааны салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлж, БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгын дэд бүтцийн бүтээн байгуулалтаар дамжуулан Ази, Европыг холбох эдийн засгийн томоохон бүсийг бий болгохыг уриалах төлөвтэй байгаа аж.


Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын зах зээлээ бүрэн нээх явц доголдох болсон талаар ЕХ хүчтэй шүүмжлэх болсон юм. Мөн тус холбооны гишүүн орнуудад БНХАУ-ын нөлөө өсөн нэмэгдэх болсонд санаа зовних болсон билээ.


Ли Көцяны айлчлалыг угтан хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Гадаад хэргийн дэд сайд Ван Чао хэлэхдээ, БНХАУ-ЕХ-ны хамтын ажиллагаа бүс нутгийн нэгдлийг дэмжинэ гэжээ. Мөн тэрбээр, БНХАУ бүс нутагт төмөр замын сүлжээ байгуулах чиглэлд ЕХ-нд тусална гэж хэлжээ.


БНХАУ-ын дарга Си Жиньпин Европын орнуудад өнгөрсөн сард айлчилснаас хэдхэн хоногийн дараа энэхүү айлчлал болж байна.


АНУ “America First” буюу “АНУ-ын эрх ашгийг эн тэргүүнд тавих” бодлогыг  баримталж, АНУ-БНХАУ худалдааны маргаантай байгаа энэ үед БНХАУ Европын орнуудтай харилцаагаа бэхжүүлэхийг эрмэлзэж байна хэмээн ажиглагчид үзжээ. 

Холбоотой мэдээ