Цахим сүлжээгээр энх тайвныг тогтоох дэлхийн анхны "Peacebook" форум болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-05 19:17:37
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын санаачилгаар даян дэлхий залуусын дунд энх тайван, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд нийгмийн сүлжээг өргөн ашиглахыг уриалах зорилготой дэлхийн анхны “Peacebook” форум ГХЯ-нд өнөөдөр боллоо.


ГХЯ-наас төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын дипломат төлөөлөгчийн болон суурин төлөөлөгчийн газрууд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, хувийн хэвшлийн болон хэвлэл мэдээллийн 250 гаруй төлөөллийг нэг дор цуглуулсан форумыг анх удаа Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулав.



Форумын үеэр, ГХ-ны сайд Д.Цогтбаатар хэлэхдээ, “Үндсэрхэг үзэл, хагарал бутрал, үзэн ядалтаас болж хүмүүс хоорондоо дайсагнадаг. Бид алдах эрхгүй, цөмийн зэвсэгтэй ертөнцөд амьдарч байна. Фэйсбүүк нь дэлхийн хэдэн тэрбум хэрэглэгчтэй томоохон платформ. Ноднин “Фэйсбүүк” компанийн төв байранд зочлохдоо,  энэхүү платформыг ашиглан энхтайвны үзэл суртлыг дэлхий дахинаа түгээх санал дэвшүүлсэн. Энэхүү саналыг фэйсбүүкээс дэмжихээ мөн илэрхийлсэн. Энэхүү хэлэлцүүлгийн санаа нь нийгмийн цахим сүлжээгээр дэлхийн залууст энх тайван, эв нэгдлийг сурталчилж болно гэдгийг таниулах зорилготой. Тиймээс “Peacebook” буюу энхтайвны ном хэмээн нэрлэсэн” гэв. 


Нийгмийн цахим сүлжээгээр дамжуулан Монгол Улсыг дэлхий ертөнцтэй холбох, илүү үр ашигтай хамтын ажиллагаанд хөтлөх боломжуудын тухай Facebook" группийн Хонконг, Тайвань, Монгол Улсыг хариуцсан захирал Жорж Чен илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.



Тэрбээр, “Нийгмийн цахим сүлжээнд маш өргөн боломж бий. Монгол Улстай холбоотой гурван шинэчлэлийн ажлыг фэйсбүүкэд хийхийг зорьж байна. Тодруулбал, цахим мэдээллийн аюулгүй байдал, цахим боловсрол, мөн бизнесийн орчинг сайжруулах. Монголын бизнес эрхлэгчдийг дэлхийд хэрхэн сурталчлах вэ гэдгийг мөн хэлэлцэнэ. Хамгийн гол асуудал нь мэдээллийн аюулгүй байдал юм. Цахим орчинд цацагдаж байгаа мэдээллийн үнэн бодит байдлыг хэрэглэгчид ялгах, түүнээс ангид байх гарц гаргалгааг олох нь чухал” гэв.


Тэрээр, монголчуудын фэйсбүүк хэрэглээ хүн амтай нь харьцуулахад Азидаа тэргүүлж байгааг дурдаад, хүн амын дунд дижитал технологийг таниулж, эдийн засаг, боловсролын салбарт нэвтрүүлэхийн ач холбогдлыг танилцуулсан юм. Энэ чиглэлээр олон ажил төлөвлөснөө ч хэлэв.



Монгол Улсын 2.2 сая иргэн фейсбүүкийг тогтмол хэрэглэдэг бөгөөд энэ нь нийт хүн амын 67 хувьтай тэнцэх үзүүлэлт юм. Уг үзүүлэлтээрээ Монгол Улс Ази тивд тэргүүлж байна гэсэн судалгааг ХХМТГ гаргажээ. 


Энэ сүлжээгээр сөрөг, хуурамч мэдээлэл асар хурдтай, өргөн цар хүрээтэй цацагдаж байгааг Улс төр судлаач,  доктор, дэд профессор  Ц.Мөнхцэцэг форумын үеэр онцлов. 



Тэрбээр, “2016, 2017 оны сонгуулиар сошиал медиа ямар хүчтэй вэ гэдгийг хүмүүс ойлгосон. Сонгуулийн ирц ч огцом дээшилсэн нь мөн л нийгмийн цахим сүлжээний ач тус. Цахим сүлжээний эерэг тал байгаа ч зарим талаараа маш их сөрөг, хуурамч мэдээлэл цацагдаж байна. Хуурамч мэдээ ямар үр дүнд хүргэхийг харуулсан бодит жишээ бол, АНУ-ын 2016 оны сонгуулийн үр дүн юм. Судалгаагаар, 2017 оны сонгуулиар нийт сонгогчдын 41 орчим хувь нь фэйсбүүкээс мэдээлэл авсан байна. Жил ирэх тусам телевиз, сонин, радиогийн мэдээллийн орон зай багасаж, иргэд фэйсбүүкээр дамжуулан мэдээлэл авдаг болсон байна. Тиймээс цахим сүлжээнд тараагдаж байгаа хуурамч мэдээлэлд цензур тавих зохицуулалт шаардлагатай” гэв.


“Орчин үед сонгууль өгөхөд блокчэйн ашиглах боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл, дижитал ертөнцөд сонгуулийн сурталчилгааг хийж, сонгууль ч өгөх боломжтой болж байна. Ингэснээр сонгуулийн их зардал гарах шаардлагагүй болж байгаа юм. Тиймээс 2020 оны сонгуулиар, нийгмийн цахим сүлжээг ашигласан бие даан нэр дэвшигчид олноор гарч ирэх болов уу гэж бодож байна. Цахим ертөнцөд биднийг дэлхийн хүн болгож байна” хэмээн эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан илтгэлдээ дурдлаа.



"Фэйсбүүк гэх номонд эх орныхоо түүхийг сайнаар бичиж, хожим дурсах эерэг зүйл үлдээхийг залуусдаа энэхүү хэлэлцүүлгээр уриалж байгаа юм. Цаашид энэхүү хэлэлцүүлгийг жил бүр зохион байгуулна. Мөн  улс орнууд үүнээс санаа аваад өөрийн эх орондоо эерэг хандлагыг бий болгоосой гэж хүсэж байна" хэмээн зохион байгуулагчид тэмдэглэв



Форумын хүрээнд Улаанбаатар хотын Жамьян гүний гудамжинд дэлхийн анхны "Сошиал Медиа хана"-ыг нээсэн нь онцлог үйл явдал байв. Монголын уран бүтээлчдийн урласан уг хананы өмнө хэн ч зургаа авахуулж, нийгмийн цахим сүлжээ дэхь хувийн орон зайдаа тавих боломжтой.  "Хүүхэд залуусын болон жуулчдын ирэх дуртай газар болно" хэмээн форумд оролцогчид онцоллоо.

Гэрэл зургийг: Т.Чимгээ

Холбоотой мэдээ